Сахилга батын хороо К.Роналдугийн ёс зүйн асуудлыг хэлэлцэнэ
Саудын Арабын хөл бөмбөгийн холбооны /SAFF/ Сахилга батын хороо “Аль-Наср” багийн довтлогч Криштиану Роналдутай холбоотой дуулиант хэрэг явдлыг шалгаж эхэлжээ. Тэрбээр “Аль-Шабаб” клубын хөгжөөн дэмжигчдийн зүг дохио зангаагаар зохисгүй үйл хөдөлгөөн хийсэн тухай Asharq Al-Awsat сонинд бичсэн байна.
Саудын Арабын аварга шалгаруулах тэмцээний 21 дүгээр тойрогт "Аль-Наср" багийнхан ням гарагт “Аль-Шабаб” клубын талбайд зочлон тоглож 3:2 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон бөгөөд Роналду торгуулийн цохилтоор гоол оруулжээ. Тоглолтын дараа тэрбээр эзэн багийн хөгжөөн дэмжигчид рүү харж, салтаандаа гараа барьж хөдөлгөсөн байна. Аргентины хөлбөмбөгчин Лионел Мессигийн нэрийг дуудан хашгирч байсан үзэгчдэд Роналду ийм үйлдлээр хариу барьжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, болсон явдлын талаар Сахилга батын хороо ойрын үед тайлбар өгөх ба Роналдуд шийтгэл оноох шийдвэрийг хэдэн хоногийн дараа гаргах бололтой.
Роналду иймэрхүү зохисгүй үйл хөдлөлийг нэг бус удаа хийж байгаа юм. 2023 оны дөрөвдүгээр сард тэрбээр “Аль-Хилял” багтай хийсэн тоглолтын дараа гараараа салтаагаа барьж байсан бол хоёрдугаар сарын эхээр мөн тус клубтэй хийсэн тоглолтын дараа өөр рүү нь шидсэн алчуурыг шоортондоо хийснийхээ дараа буцаагаад шидэж байжээ. Роналду “Аль-Наср”клубт 2023 оны эхээр шилжин ирсэн бөгөөд 2025 оны зун хүртэл тоглох гэрээ байгуулсан аж. Энэ улиралд тэрбээр 29 тоглолтод оролцож, 28 гоол оруулж, 11 оновчтой дамжуулалт хийжээ.
Б.АДЪЯАХҮҮ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл