Унгар улс Шведийг НАТО-д гишүүнээр элсэхийг зөвшөөрөв

Aдмин / Гадаад мэдээ

Швед улс Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-д элсэх өргөдлөө өгснөөс хойш 18 сарын дараа Унгар улс гишүүнчлэлийг нь хүлээн зөвшөөрлөө. Өнгөрсөн хугацаанд Турк болон Унгар улс л зөвхөн Шведийн гишүүнчлэлийг зөвшөөрөлгүй хугацаа сунгаж ирсэн ч өнгөрсөн сард Турк улс Шведийн гишүүнчлэлийг зөвшөөрч, Унгар улс ганцаараа шийдвэр гаргалгүй үлдсэн байсан юм. Унгар улсын парламентаас зөвшөөрсөн шийдвэр гаргаснаар Швед улс НАТО-гийн 32 дахь гишүүн улс болох бүрэн боломжтой болж байна.

2022 оны 2-р сард ОХУ Украин руу гэнэт халдан довтолж, Европт дайн дэгдсэний дараа Нордикийн хоёр орон болох Финланд, Швед улс ОХУ-ын баруун умард хилд ойрхон гэдэг утгаараа аюулгүй байдлаа сахин хамгаалах зорилгоор НАТО-д элсэх өргөдлөө өгсөн юм. Тухайн үед НАТО-гийн гишүүд Финландын гишүүнчлэлийг торох зүйлгүй хүлээн зөвшөөрч, гишүүнээр элсүүлсэн ч Шведийн гишүүнчлэл Турк, Унгар улсын эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Турк улсын зүгээс Швед улсыг олон улсад террорист бүлэглэл гэж үздэг бүлгийн цагаачдыг орогнуулдаг, терроризмтой хангалттай тэмцдэггүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй. Харин өнгөрсөн оны 7-р сард Швед улс терроризмтой тэмцэх шинэ хууль баталж, Турк улсын итгэлийг олсноор үндсэндээ хүлээн зөвшөөрүүлэх нөхцөл нь бүрдсэн байна. Турк улс өнгөрсөн 1-р сард Шведийн гишүүнчлэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрч соёрхон баталсан. Харин Унгар улсын хувьд Шведтэй Европын Холбоон дотроо түнжин муутай гэдэг нь гишүүнчлэлийг нь өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөлгүй ирсэн голлох шалтгаан нь байсан юм. Гэхдээ хоёр улсын удирдагчид харилцаагаа зөөлтгөхөөр олон улсын олон талт уулзалтын үеэр ч, хоёр талт уулзалт ч хийн хэлэлцсээр байсан. НАТО-д шинээр гишүүн элсүүлэхэд бусад бүх гишүүн орны парламент буюу хууль тогтоох дээд байгууллага хуралдаж, санал хураан, зөвшөөрсөн хууль батлах ёстой.

Унгарын парламентын сүүлийн хуралдаанаар Шведийн гишүүнчлэлийг 188 хүн зөвшөөрч, 6 хүн эсэргүүцсэн байна. Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан парламентын шийдвэрийн хүрээнд Швед болон Унгар улсын цэрэг батлан хамгаалахын хамтын ажиллагаа болоод НАТО дахь Шведийн гишүүнчлэл Унгарын аюулгүй байдлыг бэхжүүлэх хүчин зүйл болно гэж мэдэгдсэн байна. Виктор Орбан сүүлийн хэдэн сарын турш хууль тогтоох байгууллагаа шүүмжилж, Шведийг гишүүнээр элсүүлэхээр чармайн ажилласаар байсан юм.

Өнгөрсөн Баасан гарагт Виктор Орбан Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссоныг Унгарын нийслэл Будапешт хотноо хүлээн авч уулзаж, хоёр орны харилцааг түвшитгөх, ойлголцолд хүрэх яриа хэлэлцээ өрнүүлсэн байна. Энэхүү хэлэлцээний үр дүнд хоёр улс батлан хамгаалах салбарын түншлэлээ өргөжүүлж, Унгар улс Швед улсаас JAS-39 тийрэлтэт агаарын сөнөөгч онгоц худалдаж авах талаар тохиролцоонд хүрч чаджээ. Швед улс НАТО-д элссэнээр НАТО-гийн 5-р сар дуустал үргэлжлэх цэргийн нэгдсэн сургуулилалтад гишүүний хувиар оролцох бүрэн боломжтой болно. Гишүүнээр элсэх нь хараахан баталгаажаагүй байсан ч Швед улс энэ сургуулилалтад хамрагдаж эхлээд байсан юм.

НАТО-гийн сүүлийн 40 жил дэх хамгийн том нүсэр энэ сургуулилалт Европ дахь болзошгүй дайнд гишүүн орнуудыг чадавхжуулах зорилготой. Өөрөөр хэлбэл НАТО дайнд бэлтгэж байгаа гэж хэлж болно. Швед улсын Ерөнхий сайд Ульф Кристерссон 200 жил төвийг сахисан Швед улс эцэст нь энэ статусаа орхиж, шаардлагатай бол дайнд нэгдэн орж, холбоотнуудад туслах үүд хаалга нээгдсэн түүхэн үйл явдал тохиолоо гэж дурдсан байна. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Унгарын шийдвэрийг сайшааж, тус холбооны хүчирхэг, аюулгүй байдлыг улам бүр бэхжүүлэхэд түлхэц боллоо гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.