Юн Сог Ёль, М.Цукерберг нар AI салбарт хамтран ажиллах талаар ярилцжээ

Aдмин / Гадаад мэдээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг нар Сөүл хотноо өнөөдөр уулзаж, хиймэл оюун ухаан /AI/ болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцжээ. М.Цукерберг Сөүлд гурван өдрийн айлчлал хийх үеэрээ Samsung Electronics компанийн тэргүүн Ли Жэ Ён, LG Electronics компанийн гүйцэтгэх захирал Чо Жу Ван болон бусад бизнес эрхлэгчидтэй уулзаж, шинээр үүсэн бий болж буй салбаруудад хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Ерөнхийлөгчийн ордонд уулзах үеэрээ Юн, Цукерберг нар хиймэл оюун ухааны дижитал экосистемийн талаарх төсөөлөл, Meta болон Өмнөд Солонгосын компаниудын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга зам, мөн Meta компани нь дэлхий нийтийн платформ болохын хувьд найдвартай дижитал нийгмийг бий болгох чиглэлд идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн асуудлаар ярилцсан гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын үндэсний бодлого хариуцсан дарга Сун Тэ Юн мэдээлжээ.

Өмнөд Солонгосын компаниуд хиймэл оюун ухааны системийн чухал хэсэг болох санах ойн чипийн үйлдвэрлэлээр дэлхийд нэг, хоёрдугаарт ордог гэдгийг Ерөнхийлөгч Юн Сог Ёль онцлоод Өмнөд Солонгос болон АНУ-ын засаг захиргааны хооронд нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааны нягт механизм бий болсон тул засгийн газар идэвхтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэв.

Ерөнхийлөгч хэлэхдээ, БНСУ ухаалаг цахилгаан хэрэгсэл, өмсөж зүүх төхөөрөмж, ухаалаг автомашин зэрэг төрөл бүрийн технологитой тул Meta-гийн хиймэл оюун ухааныг ашиглах гайхалтай платформ болж чадна” гэдгийг онцолсон бөгөөд ингэхдээ Өмнөд Солонгосыг албан ёсны нэрээр нь дурджээ. Тэрбээр Өмнөд Солонгосын аж үйлдвэрийн салбар Meta-гийн төсөөлөн бодож, зохион бүтээсэн зүйлсийг идэвхтэй дэмжихэд бэлэн байгааг мөн илэрхийлжээ.

М.Цукерберг Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн эд ангиудад /Тайванийг тойрсон геополитикийн эрсдэлийг харгалзан/ ихээхэн найдлага тавьж байгаагаа хүлээн зөвшөөрсөн гэж ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч хэлжээ. Тэрбээр мөн Samsung нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч компанийн хувьд дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлдэг бөгөөд энэ нь тус компанитай хамтран ажиллахад чухал хүчин зүйл болж чадна гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ сонгуулийн жилд дэлхийн олон оронд хиймэл оюун ухааныг ашигласан хуурамч мэдээний тоо нэмэгдэж буйтай холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулахыг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч хүссэн байна. Үүний хариуд М.Цукерберг сонгуулийн луйвраас урьдчилан сэргийлэхийн тулд хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг таниулахын үүднээс дүрс бичлэгүүд дээр тусгай тэмдэг, шошго байрлуулах зэрэг Meta-гийн тавьж буй шаардлагуудыг тайлбарлажээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.