Энэтхэгт гарсан галт тэрэгний ослын үеэр жолооч нар нь гар утсан дээр тэмцээн үзэж байсныг тогтоожээ
Өнгөрсөн оны аравдугаар сард Энэтхэгийн Андра Прадеш мужид хоёр галт тэрэг мөргөлдсөн томоохон осол гарч, 14 хүн амиа алдаж байсан юм. Тэгвэл энэхүү ослын шалтгааныг олж тогтоосноо тус улсын төмөр замын сайд Ашвини Вайшнав өчигдөр мэдээлжээ.
Сайдын өгсөн мэдээллээр галт тэрэгний хоёр жолооч тухайн үед гар утсан дээрээ крикетийн дэлхийн аваргын тэмцээнийг шууд хүлээн авч үзэж байсан гэнэ.
Осол гарсан өдөр Энэтхэгийн баг Английн багтай тоглоод хожиж байжээ. Энэтхэг улс 2023 оны крикетийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, олон зуун сая хүн багаа хөгжөөн дэмжиж байсан юм.
Харамсалтай нь галт тэрэгний хоёр жолооч хоёул ослын үеэр амиа алджээ.
“Зүтгүүрийн жолооч болон туслах жолооч нар хоёул крикетийн тэмцээн үзэж, анхаарлаа сарниулаад байсан нь тогтоогдлоо” гэж Вайшнав сайд хэлсэн байна.
Тухайн үед Висахапатнам-Паласа чиглэлд аялж байсан зорчигч тээврийн галт тэрэг араас нь явж байсан өөр нэг галт тэрэгтэй мөргөлдөх үеэр гурван вагон нь замаас гарч, онхолдсон юм. Жолооч нар энэ үеэр гар утас руугаа харж яваад замын дохионы улаан гэрлийг анзаараагүй гэж шалгалтын хэсэг дүгнэсэн байна.
Энэхүү ослын дараа жолооч нарын анхаарал сарнихаас сэргийлдэг аюулгүй байдлын системийг бүх галт тэрэгт нэвтрүүлэхээр болсныг сайд мэдэгджээ.
Энэтхэг бол өдөр бүр олон сая зорчигч тээвэрлэдэг дэлхийн хамгийн том төмөр замын сүлжээтэй улсуудын нэг. Энэ хэрээрээ томоохон осол эндэгдэл байнга гардаг.
1981 онд Бихар мужид галт тэрэг замаасаа гарсны улмаас 800 орчим зорчигч амиа алдсан нь хамгийн том осолд тооцогддог юм.
Сүүлийн нэг жилийн дотор хэд хэдэн томоохон осол гарсан. Тухайлбал өнгөрсөн оны зургаадугаар сард Одиша мужид гурван галт тэрэг мөргөлдөхөд 300 хүн амиа алдсан юм.
Дөнгөж өнгөрсөн сард Жамму Кашмир мужаас 53 вагонтой ачааны галт тэрэг 70 гаруй километр замыг жолоочгүй туулсан тохиолдол гарч байжээ
100 км/цаг хурдтай явж байсан энэ цувааг Пунжаб мужийн нутагт ирэхэд зам дээр нь модоор саад байгуулан зогсоож байв.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл
Зочин [139.5.218.146] 2024-03-09 17:35:42
Уйтгартай ажил
Зочин [103.57.94.175] 2024-03-06 23:20:51
Галт тэргээр явах уйтгартай
Зочин [83.187.184.110] 2024-03-06 07:52:16
Joloochgui mashin ayultai bolvuu
Зочин [139.5.217.146] 2024-03-06 08:19:19
Аюултай