Хаитигийн Ерөнхий сайд Пуэрто-Рикод очжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хаити улсын Ерөнхий сайд Ариэль Хенри эх орондоо эргэн очих боломжгүй нөхцөл байдал үүссэний дараа түүний сууж явсан онгоц Пуэрто-Рикод газарджээ. Онгоц мягмар гарагт АНУ-ын Нью-Жерси муж улсаас хөөрч Пуэрто-Рикогийн нийслэл Сан-Хуан хотод ирсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. А.Хенри Кенид айлчилсныхаа дараа хаана очсон нь сүүлийн хэдэн өдрийн турш тодорхойгүй байжээ. Түүний эзгүйд зэвсэгт бүлэглэлүүд олон улсын нисэх онгоцны буудлыг эзлэхийг оролдсоноор хүчирхийлэл газар авчээ. А.Хенри улс орондоо эргэн очоогүй нь сүүлийн өдрүүдэд Хаити улсад нөхцөл байдал хэрхэн дордсоныг илтгэж байна.

Түүний онгоцыг Хаити болон Доминиканы Бүгд Найрамдах Улс руу нэвтрэхийг хориглосны дараа АНУ-ын нутаг дэвсгэр болох Пуэрто-Рико руу чиглэлээ өөрчлөхөөс аргагүй хүрсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Мягмар гарагт Доминиканы улс хөрш Хаититай агаарын хилээ хааж байгаагаа зарласан байна. Тус улсын удирдагч Луис Абинадер хуурай газрын хил дээрээ “энх тайван, хяналт”-ыг тогтвортой байлгахын тулд уг арга хэмжээг авсан гэж мэдэгджээ.

А.Хенригийн онгоцыг Хаитид газардахыг зөвшөөрөөгүйг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлаж болох бөгөөд энэ нь зүгээр л процедуртай холбоотой байж магадгүй юм. Тодруулбал, ням гарагт онц байдал тогтоосноос хойш бүх нислэгийг дахин мэдэгдэл хийх хүртэл цуцалж, нийслэл Порт-о-Пренс хотын нисэх онгоцны буудал үндсэндээ хаагдсан байна. Өөр нэг шалтгаан нь өөрийнх нь аюулгүй байдал байж магадгүй. А.Хенригийн хувьд өөрийг нь огцрохыг шаардаж буй гэмт бүлэглэлүүдийн бай болох нь тодорхой бөгөөд ийм үед эх орондоо буцаж очих нь тус улсын тогтвортой байдалд саад болж магадгүй.

А.Хенри Кенид очихын өмнө Гайанад болсон бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор өнгөрсөн долоо хоногт Хаитигаас морджээ. Тэрбээр Кенид айлчлах үеэрээ Хаитид үндэстэн дамнасан цагдаагийн хүчийг байршуулах гэрээнд гарын үсэг зурсан байна. Харин түүнийг эзгүй байх хооронд цагдаагийн ажилтан асан Жимми “Барбекю” Шеризье тэргүүтэй гэмт бүлэглэлийнхэн цагдаагийн газар, Хаитигийн хоёр том шорон руу дайрснаар 4000 орчим хоригдол оргон зугтжээ. Ж.Шеризьегийн зүгээс Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байгаа бөгөөд түүнд Хаити руу буцаж ирэхгүй байхыг анхааруулсан байна.

Порт-о-Пренс дэх Туссен Лувертюрын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудал зэрэг тус улсын хэд хэдэн нисэх онгоцны буудлыг хамгаалахаар цэргүүдийг байрлуулсан бөгөөд тус хотын цагдаагийн академи ч мөн зэвсэгт бүлэглэлийн халдлагад өртжээ. НҮБ-ын мэдээлснээр, сүүлийн үед гарсан хүчирхийллийн улмаас 15 мянга орчим хүн дүрвэсэн байна.

2021 онд Хаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз Колумбийн хөлсний цэргүүдийн гарт амиа алдсаны дараа Ариэль Хенри сонгогдолгүйгээр тангараг өргөжээ. Улмаар улс төрийн хэлэлцээрийн дагуу Хаитид хоёрдугаар сарын 7 гэхэд сонгууль явуулж, А.Хенри эрх мэдлээ шилжүүлэн өгөх ёстой байв. Иймээс олон мянган хүн амлалтаа биелүүлэхийг шаардан эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ.

Ж.Моиз амиа алдсан явдал нь Хаити дахь бүлэглэлийн хүчирхийллийг улам өдөөж, дэлхийн баруун тал бөмбөрцгийн хамгийн ядуу гэгддэг улсад эрх мэдлийн хоосон орон зайг бий болгожээ. Сүүлийн жилүүдэд АНУ-аас нууцаар оруулж ирсэн зэвсгээр зэвсэглэсэн гэмт бүлэглэлүүд Порт-о-Пренсийн 80 орчим хувийг хяналтдаа авсан байна.

А.Хенри тэдгээр гэмт бүлэглэлтэй тэмцэхэд туслах үүднээс цэргээ илгээхийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүссэн боловч өнөөг хүртэл ирээгүй байна.

Бахамын арлууд, Бенин улсуудын зүгээс цэргээ илгээхээ амласан бол Ямайка болон Антигуа ба Барбуда улсууд туслахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. АНУ-ын зүгээс цэргүүдийг байршуулахыг дэмжихийн тулд 200 сая долларын тусламж үзүүлэхээ амласан байна. Хаити улс эмх замбараагүй байдалд автаад зогсохгүй эдийн засаг, эрүүл мэндийн тогтолцоо нь маш хүнд байдалд оржээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.