Бодлогын хүүгээ бууруулж эхлэх хугацаа ойртож буй дохиог АНУ-ын Төв банк өгөв
Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр илүү сайжрах хэрэгтэй байгааг Жером Пауэлл онцоллоо
АНУ-ын Холбооны Нөөцийн банк гуравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болох Мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүгээ тав дахь удаагаа дараалан хэвээр хадгална гэсэн хүлээлт давамгайлж байна.
Харин хөрөнгө оруулагчдын гол анхаарал Мөнгөний бодлогын хорооноос гаргах бодлогын хүүгийн улирлын төсөөлөлд чиглэж байгаа аж. Үүнд хөдөлмөр эрхлэлт болон инфляцын шинэ үзүүлэлтүүдээс шалтгаалан ямар нэг өөрчлөлт гарсан эсэх нь анхаарал татаж байна.
Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл "Бодлогын хүүгээ бууруулж эхлэхэд шаардлагатай итгэлийг олж авахад ойртсон"-оо өнгөрсөн долоо хоногт Сенатын хуралдааны үеэр илэрхийлж байсан юм.
Үүний тулд хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр илүү сайжрах хэрэгтэй байгааг Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жером Пауэлл мөн тодотгож байв.
АНУ-ын хоёрдугаар сарын ажилгүйдлийн түвшний тайлан мэдээлэл ерөнхийдөө Холбооны Нөөцийн банкны хүсэж байгаа үр дүнг харуулсан гэхэд болохоор байгаа юм. Тус улсын ажилгүйдлийн түвшин 3.9 хувь буюу сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрсэн ч шинээр бий болсон ажлын байрны тоо 275 мянга болж, цалингийн өсөлт саарсан нь инфляцыг өдөөдөг хөдөлмөрийн захын халалт багасаж буйн дохио болж байна.
Харин Европын Төв банк шинэ төсөөлөлдөө инфляцын түвшин ирэх онд зорилтот хоёр хувийн түвшинд орно гэж үзсэн тул ирэх зургаадугаар сараас эхлэн бодлогын хүүгээ бууруулж эхлэх боломжтойг мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл
aiganim [202.55.188.35] 2024-03-11 22:11:39
aiganim