Японы ерөнхий сайд хагас нүцгэн бүжигчид оролцсон намынхаа дотоод арга хэмжээг хатуу шүүмжлэв

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрх баригч намын зарим гишүүдийн зохион байгуулсан арга хэмжээг Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида хатуу шүүмжилжээ. Либерал Ардчилсан Намын нэг салбарын зохион байгуулсан уг арга хэмжээнд хагас нүцгэн эмэгтэй бүжигчид оролцож, намын гишүүдийн өвөр дээр суух, амнаас нь амаараа мөнгөн дэвсгэрт авах зэрэг үйлдэл гаргаж байсныг саяхан нийтийн дунд тарсан дүрс бичлэг харуулсан юм.

Өчигдөр буюу Баасан гарагт парламентын гишүүдэд байцаагдахдаа Кишида уг үйл явдлыг “маш зохисгүй бөгөөд харамсмаар” гэж шүүмжилжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр дээрх арга хэмжээг Либерал Ардчилсан Намын баруун бүсийн Вакаяма хот дахь салбарын залуус зохион байгуулж, Осака хотын “Glamor Dancers” хамтлагийн бүжигчдийг урьж оролцуулжээ.

зураг

Зохион байгуулагчдын нэг, эрх баригч намын залуусын бүлгийн дэд тэргүүн Тэцүяа Кавабата шөнийн клубийн бүжигчдийг арга хэмжээнд оролцуулсан нь улс төрд олон талын оролцоог нэмэгдүүлэх зорилготой байсан гэж хэвлэлд тайлбарлаж байв. Тэрбээр сүүлд буруугаа хүлээж, намын гишүүнчлэлээсээ татгалзсан юм. Либерал Ардчилсан Намын залуусын төв байгууллага олон нийтээс уучлал гуйж, арга хэмжээнд оролцсон хоёр парламентын гишүүн намын албан тушаалаасаа огцрох болсныг бас мэдэгдэж байлаа.

Ерөнхий сайд Кишида өчигдөр дээрх арга хэмжээний “олон талын оролцоо” гэгч зүйл өөрийнх нь засгийн газрын энэ чиглэлийн бодлогоос зөрж байгааг тайлбарлажээ. Тэр бас арга хэмжээг татвар төлөгчийн мөнгөөр бус, намын гишүүдийн хураамжаар санхүүжүүлснийг баталсан байна.

Японы эрх баригч нам сүүлийн үед дараалсан олон дуулианд холбогдож, нэр хүнд нь унаад байгаа. Эдгээрээс хамгийн ноцтой нь тус намын хамгийн хүчирхэг фракцын оролцоотой “хөрөнгө мөнгө босгосон” асуудал юм.

Кишида эрчүүд давамгайлдаг Японы улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээ амлан ажиллаж буй цаг үед сүүлийн дуулиан дэгдэж байна. Түүний танхим одоо таван эмэгтэй сайдтай байгаа нь Японы засгийн газрын түүхэнд дээд амжилт юм.

Гэхдээ Кишидагийн засгийн газрын үнэлгээ Либерал Ардчилсан Нам дахин засгийн эрхийг авсан 2012 оноос хойших хугацааны хамгийн доод түвшинд хүрээд байна. Гуравдугаар сарын байдлаар түүний танхимын үйл ажиллагааг сонгогчдын дөнгөж 18 хувь дэмжиж байгааг Пүрэв гарагт нийтлэгдсэн судалгааны дүн харуулсан юм.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.