Иранд газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх томоохон гэрээ байгуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Барууны орнуудын хоригт ороод буй Иран улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд дотоодын компаниудтай олон тэрбум долларын гэрээ байгуулжээ. Төрийн мэдлийн телевизээр үзүүлсэн ёслолын үеэр Газрын тосны яам болон Ираны бизнес эрхлэгчид зургаан томоохон орд газрын олборлолтыг нэмэгдүүлэх 13 тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурсан байна.

Газрын тосны салбарын албан ёсны мэдээллийн “Шана” агентлаг уг хэлэлцээрийг Иран улсын “сүүлийн арван жилийн хугацаанд байгуулсан газрын тосны хамгийн том гэрээ” хэмээн тодорхойлоод, өдөрт олборлох газрын тосны хэмжээг 350 мянган торхоор нэмэгдүүлэхийг зорьж байна гэж бичжээ.

Өнгөрсөн 10 дугаар сард Ираны Газрын тосны сайд Жавад Оужи гуравдугаар сарын 19 буюу Персийн хуанлийн эцэс гэхэд манай улсын газрын тосны олборлолт өдөрт 3.6 сая торход хүрнэ гэж амлаж байв. Персийн хуанлийн шинэ онд “олборлолт өдөрт 4 сая торход хүрнэ” гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна.

Техраны цөмийн хөтөлбөрийн тухай хэлэлцээрээс АНУ 2018 онд гарсны дараа барууны орнууд Ираны эсрэг дахин хориг арга хэмжээ авснаар гадаадын компаниуд тус улсыг орхин гарахад хүрсэн нь газрын тосны салбарт хүнд цохилт болж байв.

Газрын тосны яамны мэдээлснээр, Ираны эрх баригчид баруун болон баруун өмнөд хэсэгт, тэр дундаа Ирактай хиллэдэг Хузестан муж дахь Азадеган тойрог дахь олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд “дотоодын компаниудын туршлагад найдаж” байгаа ажээ.

Мөн Ираны хамгийн эртний газрын тосны орд болох Хузестаны Месжед-Солейман хот дахь ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурсан байна. Анх 1908 онд өрөмдсөн Месжед-Солейман дахь нэгдүгээр цооног нь Ойрхи Дорнод дахь хамгийн эртний цооног юм.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр, Иран 2022 оны байдлаар дэлхийн түүхий газрын тосны долоо дахь том олборлогч байжээ. Тус улс газрын тосны батлагдсан нөөцөөрөө Венесуэл, Саудын Арабын дараа дэлхийд гуравдугаарт ордог.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.