Цахилгаан барааны хаягдал ихсэж байгааг НҮБ анхааруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Цахилгаан барааны хаягдал нь байгаль орчинд хөнөөлт үр дагавар учруулах хэмжээнд хүрч байгааг НҮБ лхагва гарагт анхаарууллаа. НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Сургалт, судалгааны байгууллагын хамтарсан тайланд дурдсанаар, дахин боловсруулалтын хэмжээ нь хаягдсан гар утас, компьютер, телевизор болон бусад төхөөрөмж зэрэг цахилгаан барааны хаягдлын хэмжээтэй харьцуулахад хол хоцорч байна. 2022 онд ойролцоогоор 62 сая тонн цахилгаан барааны хаягдал бий болсон бол 2030 он гэхэд энэ тоо 82 сая тоннд хүрч магадгүй гэдгийг тайланд онцолжээ. Улмаар зохицуулалт сул байгаатай холбоотойгоор жил бүр 45 мянган тонн хортой хуванцар, 58 тонн мөнгөн ус байгальд хаягдаж байна гэж НҮБ мэдээллээ.

Тайланд бичсэнээр, 2022 онд цахилгаан барааны хаягдлын ердөө 22 хувийг нь л зохих ёсоор цуглуулж, дахин боловсруулсан байна. Харин үлдсэн хувийг шатааж, хогийн цэгт хаясан эсвэл стандартад нийцүүлэлгүйгээр дахин боловсруулжээ.

Дэлхий дээр хүн бүр жилд дунджаар 7.8 кг ийм хаягдал бий болгодог. Цахилгаан барааны хаягдлыг дахин боловсруулах үзүүлэлт өндөр хөгжилтэй орнуудад хамгийн өндөр байдаг бол Африкт хамгийн доогуур байна.

Үүний сацуу хог хаягдлын багагүй хэсгийг баян чинээлэг орнуудаас хөгжиж буй орнууд руу илгээдэг ажээ. Хөгжиж буй орнуудад 18 сая тонн цахилгаан барааны хаягдлыг боловсруулдаг бөгөөд ихэнх тохиолдолд ажилчид нь зохих тоног төхөөрөмжийг ашигладаггүйн улмаас хорт бодисуудад өртдөг байна.

Судалгааг ахлан явуулсан Кис Балде AFP агентлагт ярилцлага өгөхдөө "Энэ бол хүрээлэн буй орчны хувьд томоохон сүйрэл юм. Цахилгаан төхөөрөмжүүдийг дахин боловсруулахад хялбар болгохгүй бол цахилгаан барааны хаягдлыг багасгахын тулд хэрэглэгчид их зүйлийг хийнэ гэж найдахад хэцүү. Ямар нэг зүйлийг худалдаж авах маш амархан. Курсороор хэдхэн товшиход л болчихно. Харин тэдгээрээс ангижирна гэдэг хэцүү" гэлээ. Түүний ярьснаар, цахилгаан барааны хаягдлыг ихэвчлэн хөгжингүй орнуудад бий болгож, “хуучин бараа" гэх нэрийн дор хөгжиж буй орнууд руу тээвэрлэдэг ажээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.