Дональд Трамп зарим хөрөнгөө хураалгаж магадгүй болов

Aдмин / Гадаад мэдээ

Нью-Йоркийн шүүхээс хэвлүүлсэн тайланд АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын өмгөөлөгчид санхүүгийн залилангийн хэргээр тус шүүхээс Трампад оногдуулсан 464 сая долларын барьцааг төлөх боломжгүй болсон тухай мэдэгдээд буйг дурджээ. Ийнхүү ирэх сонгуульд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай болоод буй Дональд Трампын зарим хөрөнгийг Нью-Йоркийн шүүх хураах эрсдэл бий болоод байна.

Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Трампын өмгөөлөгчид өмнө нь иргэний хэргээр түүнд оногдуулсан торгуулийн эсрэг давж заалдах өргөдлөө өгсөн ч экс ерөнхийлөгч зөвхөн торгуулийн хэмжээ бус, мөн хүүг нь оруулаад ирэх даваа гариг буюу гуравдугаар сарын 25-ны өдрийн дотор барьцаа мөнгө байршуулах ёстой байгааг онцолжээ.

Хэрэв заасан хугацаанд энэ мөнгийг бүрэн төлөхгүй бол Нью-Йоркийн Ерөнхий прокурор Летитиа Жеймс Трампын хөрөнгийг хурааж эхлэх боломжтой болох аж. Барьцаа мөнгө төлж байж л Трампын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг шүүхээр хэлэлцэх, мөн давж заалдах шатны шийдвэр гарах хүртэл ялыг хойшлуулах урьдчилсан нөхцөл бүрдэх болно гэж тус агентлаг тайлбарласан байна.

Ерөнхийлөгч асан болон түүний хөвгүүд зээл, даатгалын илүү сайн нөхцөл бүрдүүлэхийн тулд гэр бүлийнхээ үл хөдлөх хөрөнгийг олон тэрбумаар зохиомлоор өсгөсөн гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, шүүхээс өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур Трампыг санхүүгийн залилан хийсэн хэмээн 355 сая доллар, хөвгүүдийг нь нэмж дөрвөн сая ам.доллараар торгох ялаар шийтгэсэн юм. Мөн тэднийг Нью-Йорк мужид гурван жилийн хугацаанд компани ажиллуулах, зээл авахыг хориглоод байгаа билээ.

Одоо Трампын нийт торгуулийн хэмжээ 464 сая доллар болоод байгаа аж. Мөн өнгөрсөн гуравдугаар сарын эхээр тэрээр Нью-Йоркийн шүүхээс зохиолч Элизабет Жан Кэрроллыг гүтгэсэн хэрэгт буруутгагдсан 91.6 сая долларын барьцааг төлснөөр энэ хэргийг давж заалдах эрхтэй болоод байгаа юм.

Тэгвэл Трампын өмгөөлөгчид залилангийн хэрэгт шаардлагатай хэмжээгээр барьцаа төлөх “практик боломжгүй байна” гэж мэдэгджээ. Тэдний мэдээлснээр Трамп болон түүний хөвгүүд нийт 30 даатгалын компанид хүсэлт гаргасан ч тэдний үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд байгаа хэмээн татгалзсан хариу өгсөн байна. Ийнхүү хөрөнгө нь шүүхэд хураагдаж экс ерөнхийлөгчийн санхүүгийн эзэнт гүрэн сүйрч магадгүй нөхцөл бүрдээд байна.

Энэ сарын 12-нд АНУ-ын Жоржиа, Миссисипи, Вашингтон мужуудад болсон Бүгд найрамдах намын анхан шатны сонгуульд Цагаан ордны эзэн байсан Дональд Трамп ялалт байгуулж, түүнд Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшихэд шаардлагатай 1215 төлөөлөгчийн санал авах боломж олгосон билээ.Бүгд найрамдах нам болон Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ирэх зун болох намын их хурлаар албан ёсоор тодруулна. АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд явагдана.

Г.АМАРСАНАА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Suren [104.35.34.183] 2024-03-26 12:27:48

Trump ялагдаж сүйрнэ

Зочин [202.126.88.66] 2024-03-24 17:24:11

Санаа зоволтгүй Tрамп ерөхийлөгчөөр чөлөөтэй сонгогдоно

Зочин [66.181.176.48] 2024-03-23 13:11:22

Бурхан минь ямар ч аймаар хавчиж, шахаж байна даа. Бүр алахнээ. Сонгуульд өрсөлдсөн биш аймшигтай их дарамт ирж байна даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.