Дэлхийн цэргийн зардал түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

Оросын цэрэг Украин руу довтолж, Ойрхи Дорнодод хямрал үүсэж, Хятад улс цэргийн хүчээ зузаатгаж байгаа энэ үед дэлхийн цэргийн зардал 2023 онд өмнөх оныхоос 6.8 хувиар өссөнөөр 2.44 их наяд ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн тухай олон улсын аюулгүй байдлын судалгааны төв өнөөдөр мэдэгдэв. Стокхолмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн /SIPRI/ мэдээлснээр, нийт зардал ес дэх жилдээ дараалан өссөнөөр 1988 онд мэдээлэл гарч эхэлснээс хойших хамгийн дээд хэмжээнд хүрчээ.

Цэргийн зардал хамгийн ихтэй таван орны тоонд АНУ, Хятад, Орос, Энэтхэг, Саудын Араб багтаж, дэлхийн нийт зардлын 61 хувийг эзэлсэн бол Европ, Ази, Далайн орнууд болон Ойрхи Дорнодын орнуудын зардал мэдэгдэхүйц өссөн байна.

SIPRI-ийн Цэргийн зардал, зэвсгийн үйлдвэрлэлийн хөтөлбөрийн ахлах судлаач Нань Тянь хэлэхдээ, цэргийн зардал урьд хожид байгаагүй их хэмжээгээр өссөн нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал доройтож байгаагийн шууд илрэл юм гэлээ.

АНУ-ын хувьд 916 тэрбум ам.долларыг зарцуулсан нь 2022 оныхоос 2.3 хувиар их байгаа бол Хятадын цэргийн зардал 296 тэрбум ам.долларт хүрч, 6 хувиар өссөн нь 29 дэх жилдээ дараалан өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн Японы батлан хамгаалахын зардал 11 хувиар буюу 1972 оноос хойш хамгийн их хувиар өсөж, 50.2 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийд 10-т жагссан бол Өмнөд Солонгос 47.9 тэрбум ам.доллар зарцуулснаар 11 дүгээрт бичигдсэн байна.

“Хятад улс өсөн нэмэгдэж буй цэргийн төсвийнхээ ихэнх хэсгийг Ардын чөлөөлөх армийн байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэхэд зарцуулж байна. Энэ нь Япон, Тайвань болон бусад засгийн газруудыг цэргийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэхэд түлхэц болсон бөгөөд ийм хандлага ойрын жилүүдэд улам эрчимжих төлөвтэй байна” гэж SIPRI-ийн судлаач Шяо Лян хэлжээ.

Украины цэргийн зардал 51 хувиар өсөж, 64.8 тэрбум ам.долларт хүрснээр 11 дүгээр байрнаас наймдугаар байр руу ахисан гэж тайланд дурджээ. Мөн Палестин болон бусад талуудтай зөрчилтэй байгаа Израилын зардал 24 хувиар нэмэгдэж, 27.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

2023 оны 10 дугаар сарын 7-нд Палестины ХАМАС зэвсэгт бүлэглэл Газын зурвасаас гэнэтийн дайралт хийсний хариуд Израилын тал ХАМАС-ын эсрэг дайн зарлаж, агаараас бөмбөгдөж, хуурай замын ажиллагаа явуулж эхэлсэн юм.

2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд дайн хийж байгаа ОХУ цэргийн зардлаараа гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд өмнөх оныхоос 24 хувиар өсөж, 109 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Оросын дотоодын нийт бүтээгдэхүүний 5.9 хувийг эзэлж байгаа нь 1991 онд ЗХУ задран унаснаас хойш ДНБ-д эзлэх хувь хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Бүс нутгаар нь авч үзвэл, Америк тив дэлхийн цэргийн зардлын 41 хувийг эзэлж, Ази, Далайн орнууд 24 хувийг эзэлж байна. Харин гуравдугаарт Европ оржээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:26

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.