Ираны ерөнхийлөгчийн зорчиж явсан нисдэг тэрэг осолджээ
Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хуссейн Амирабдуллахян нарын зорчиж явсан нисдэг тэрэг осолджээ. Гурван нисдэг тэрэгнээс бүрдсэн цуваа Азербайжантай залгаа хилийн бүсээс Табриз хот руу буцах замдаа өндөр уулын бүсэд осолдсон байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсан манантай нөхцөлд нисдэг тэрэг газар мөргөсөн байж болзошгүй гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ. Аврагчид ослын газарт хүрэхэд маш хэцүү байгааг Ираны дотоод хэргийн сайд Ахмад Вахиди мэдээлсэн байна.
Ням гарагийн орой Ираны тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер засгийн газрын шуурхай хуралдааныг удирдан зохион байгуулсан тухай IRNA агентлаг мэдээлжээ. Энэ үеэр аврах ажиллагааг цааш хэрхэн үргэлжлүүлэх арга замыг хэлэлцсэн байна. Ираны хуулийн дагуу ерөнхийлөгчийн эзгүйд Мохбер орлох үүрэгтэй юм. Уг осол Ойрх Дорнодын нөхцөл байдал хурцадсан цаг үетэй давхцаж байна.
Ираны эрх баригчид олон арван жилийн турш Ливан, Сири, Ирак, Йемен, Палестины газар нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдийг ивээн тэтгэж, 1979 оны Исламын хувьсгалын үед гол дайснаараа зарласан АНУ, Израилийн эсрэг ажиллагаануудыг тэднээр гүйцэтгүүлж байгаа. Өнгөрсөн сард сөргөлдөөн оргилдоо хүрч, Иран, Израилийн талууд харилцан нэг нэгнийхээ нутаг дэвсгэрт агаараас довтолсон юм.
Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси нь Израиль, АНУ-ын эсрэг хатуу чиг шугам баримтлагч бөгөөд шашны дээд удирдагч Хаменигийн залгамжлагч болох магадлалтай хүнд тооцогддог. Газын зурваст үргэлжилж буй Хамас-Израилийн дайн Ойрх Дорнодын бүс нутаг дахь дайсагналцлыг улам хурцатгаад байгаа.
Өнгөрсөн сард Райси “Израилийн Сионист дэглэм Палестины ард түмнийг 75 жилийн турш дарлаж байна. Нэгдүгээрт бид хууль бус булаан эзлэгчдийг хөөх, хоёрдугаарт, тэдний учруулсан хохирлыг барагдуулах, гуравдугаарт, булаан эзлэгчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой” гэж мэдэгдэж байв.
Израиль улсын тусгай албад Ираны цэргийн удирдагчид, цөмийн судалгааны эрдэмтдийг устгах ажиллагааг олон жилийн турш зохион байгуулж ирсэн түүхтэй.
Ням гарагийн нисдэг тэрэгний осолд Израилийн тал оролцсон гэх шинж тэмдэг одоогоор илрээгүй байна. Палестины Хамас зэвсэгт бүлэглэл Ням гарагт ерөнхийлөгч Райсигийн хувь заяанд санаа зовж байгаагаа илэрхийлэхдээ “Бид Исламын Бүгд Найрамдах Иран Улстай, түүний удирдагчидтай, засгийн газар, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байна” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:40
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:09:40
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.