Рафа хотод довтлохдоо алдаа гаргаж, энгийн номхон иргэдийн амийг хөнөөснөө Израилийн ерөнхий сайд хүлээн зөвшөөрөв
Газын зурвасын Рафа хотод довтлохдоо “эмгэнэлтэй алдаа” гаргаж, энгийн номхон иргэдийн амийг хөнөөснөө Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өчигдөр буюу Даваа гарагт хүлээн зөвшөөрчээ. Ням гарагийн шөнө Израилийн арми Рафа хотод агаараас довтлохдоо Палестины дүрвэгчдийн хуаранг галдан шатаасны улмаас 45 хүний амь үрэгдсэн юм. Өчигдөр Израилийн парламентад хандаж үг хэлэхдээ Нетаньяху “Хэдийгээр гэм зэмгүй энгийн иргэдийг хохироохгүйн тулд бид бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ч өнгөрсөн шөнө эмгэнэлтэй алдаа гаргалаа. Бодлогынхоо дагуу бид уг хэргийг мөрдөн шалгаж, дүгнэлт гаргах болно” гэж мэдэгджээ.
Израиль улс энгийн номхон иргэдийг хохироохоос сэргийлэхийн тулд боломжит бүх арга хэмжээг авах ёстойг АНУ анхааруулсан байна. “Юу болсныг үнэлж цэгнэхийн тулд бид Израилийн зэвсэгт хүчин болон түншүүдтэйгээ газар дээр нь идэвхтэй хамтран ажиллаж байна. Өнгөрсөн шөнө олон арван гэм зэмгүй палестинчуудын аминд хүрсэн Израилийн армийн байлдааны ажиллагааны дараах аймшигтай дүр зураг бидний зүрхийг шимшрүүлж байна” гэж АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.
Цохилтын улмаас хамгийн цөөндөө 45 хүний амь үрэгдсэнийг Газын эрүүл мэндийн яам, Палестины Улаан Хавирган Сар нийгэмлэг мэдээлсэн байна. Амь үрэгдэгсдийн 12 нь эмэгтэй, найм нь хүүхэд, гурав нь ахмад настан байсныг тогтоожээ. Таних аргагүй болтол шатсан өөр гурван хүний цогцос олдсон тухай бас мэдээлсэн байна.
Египет улстай залгаа Газын зурвасын өмнөд хил дээр оршдог Рафа боомт хотод одоо нэг сая гаруй хүн амьдарч байгаа. Энэ нь Газын нийт хүн амын тал орчим хувь бөгөөд нэлээд хэсэг нь Газын зурвасын бусад хэсгээс дүрвэж ирсэн хүмүүс юм. Нетаньяхугийн засгийн газар Хамас зэвсэгт байгууллагын сүүлчийн анги нэгжүүд одоо Рафад үүрлэж байгаа гэж үзээд тэднийг бүрэн устгах зорилт тавьж байгаа.
Ням гарагт Хамасын ангиуд Рафа хотоос Израилийн хүн ам шигүү суурьшсан төв бүсийн Тель-Авив хот руу пуужингууд харвасан ч ямар нэг хохирол учруулж чадаагүй юм. Дайтагч талуудын хооронд гал зогсоох гэрээ байгуулахад зуучилж буй Катар улсын эрх баригчид Рафа хотод өгсөн агаарын цохилт яриа хэлэлцээг төвөгтэй болгож байгааг мэдэгджээ.
Израиль улс Газын зурваст “геноцид үйлдэж байна” гэсэн гомдлыг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс гаргасны дагуу Гааг хот дахь Олон Улсын Шүүх өнгөрсөн долоо хоногт Рафа дахь байлдааны ажиллагаагаа зогсоохыг шаардсан шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэр хууль эрх зүйн чадамжгүй юм.
Үүнээс гадна Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүхийн ахлах прокурор Газын зурваст үргэлжилж буй дайны гэмт хэрэгтэй холбогдуулан Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, батлан хамгаалахын сайд Йоав Галант болон Хамасын гурван удирдагчийг баривчлах хүсэлт гаргаад байгаа. Гэмт хэрэгт холбогдогчийг тухайн улс “зохих ёсоор яллах боломжгүй, эсвэл хүсэхгүй байна” гэсэн тохиолдолд л Олон Улсын Эрүүгийн Шүүх хөндлөнгөөс оролцдог юм.
Эх сурвалж: Associated Press
Сэтгэгдэл
МОНГОЛ [122.201.31.94] 2024-05-29 11:32:34
Новшийн энэ изралийг нам буудаач