Энэтхэгийн нийслэлд агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрч халав

Aдмин / Гадаад мэдээ

Өчигдөр буюу Лхагва гарагт Энэтхэгийн нийслэл Дели хотод агаарын температур Цельсийн 52.9 хэм хүрсэн нь түүхэн дээд халалт болжээ. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн тус улсын ихэнх бүс нутгийг агаарын халуун урсгал нөмөрсөн юм. Дели хотын захын Мунгешпур дүүргийн цаг уурын станц Мягмар гарагт Цельсийн 49.9 хэмийн температурыг зааж байсан бол өчигдөр ийнхүү 50 хэм давсан байна.

Энэтхэгийн өмнөх дээд халалтын хэмжээ 2016 онд Ражастан мужийн цөлийн Фалоди хотод бүртгэгдсэн Цельсийн 51 хэм байжээ. Хүний үйл ажиллагааны нөлөөгөөр үүссэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаарын хэт халалтын давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим улам нэмэгдэж байгаа гэдэг.

Халалттай зэрэгцэн Дели хотод усны хомсдол үүсэж болзошгүй байгааг эрх баригчид өчигдөр анхааруулжээ. Тухайлбал нийслэл хотын усны асуудал хариуцсан сайд Атиши Марлена хэрэглээний усаа гамнахыг иргэдэд уриалсныг Times of India сонин өчигдөр мэдээлсэн байна.

“Хомсдолын асуудлыг шийдвэрлэхийн тулд бид олон газарт өдөр тутмын усны хангамжийг хоёроос нэг болгон бууруулах арга хэмжээ авсан. Ингэж хэмнэсэн усыг өдөрт ердөө 15-20 минут хангагдаж байгаа хомсдолтой газруудад нормоор тооцож түгээнэ” гэж сайд мэдэгджээ. Хүүхэд багачууд, өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийн эрүүл мэндэд хэт халалтын нөлөө хүчтэй байх тул эрх баригчид эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргасан байна. Дели хотын халалтыг хөрш Ражастан мужаас ирж буй агаарын урсгалтай холбон тайлбарлаж байгаа.

Мягмар гарагт тус мужид агаарын температур Цельсийн 50.5 хэм хүрсэн юм. Ражастан мужийн төв Жайпур хотын эмнэлгийн шарил хадгалах газарт халуунд амиа алдсан хүмүүсийн цогцос олноор ирж байгаагаас багтаамж нь дүүрсэн байна.

Тэдний ихэнх нь гадаа ажилладаг хүмүүс, орон гэргүйчүүд байгааг хотын цагдаагийн газар мэдээлжээ. Халуунаас зугтсан энэтхэгчүүд сэрүүн газар хайн уулархаг нутгийг зорьцгоож байна. Гэвч “дорнын Швейцар” гэгддэг Кашмирын уулархаг нутагт сүүлийн өдрүүдэд ер бусын халуун өдрүүд үргэлжилж байгаа юм.

Агаарын халалттай зэрэгцэн Ням гарагт Энэтхэг, Бангладешийг дайрсан Ремал далайн хар салхины улмаас Баруун Бенгал болон зүүн хойд Мизорам мужид хүчтэй аадар бороо орж, 38 хүн амиа алджээ. Бангладешийн цаг уурын алба уг хар салхийг тус улсын түүхэнд “хамгийн удаан үргэлжилсэн гамшигт үзэгдлүүдийн нэг” гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: AFP


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.