Исландын Ерөнхийлөгчөөр бизнес эрхлэгч эмэгтэй Халла Тоумисдоуттир сонгогджээ

Aдмин / Гадаад мэдээ

Исландын ерөнхийлөгчийн сонгуульд бизнес эрхлэгч Халла Тоумисдоуттир ялж, одоогийн Ерөнхийлөгч Гвюдни Йоуханнессоноос ёслолын шинжтэй үүрэгт ажлыг нь хүлээн авахаар болсон тухай тус улсын “RUV” телевиз ням гарагт мэдээлжээ. Өдгөө 55 настай Х.Тоумасдоуттир өнгөрсөн бямба гарагт болсон сонгуульд нийт сонгогчдын 34 хувийн саналыг авснаар Ерөнхий сайд асан Катрин Якобсдоуттирыг ялсан байна. К.Якобсдоуттир 25 хувийн санал авчээ.

Дөрвөн жилийн хугацаатай сонгогддог ерөнхийлөгчийн алба нь улс төрийн хязгаарлагдмал эрх мэдэлтэй боловч НАТО-гийн гишүүн, 400 мянга орчим хүн амтай тус арлын улсын иргэдийн эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдлийн ​​үүргийг гүйцэтгэдэг.

1944 онд Бүгд найрамдах улс байгуулагдсанаас хойш Исландын долоо дахь ерөнхийлөгчөөр ажиллах гэж буй Х.Томасдоуттир өдгөөгөөс найман жилийн өмнө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, Г.Йоханнессоны дараа хоёрдугаарт орж байжээ. Тэрбээр ирэх наймдугаар сарын 1-ний өдөр тангараг өргөх юм.

Х.Томасдоуттир өмнө нь Исландын Худалдааны танхимын тэргүүн байсан бөгөөд санхүүгийн салбарт нийгмийн хариуцлага, эмэгтэйчүүдийн үүргийг тусгах зорилгоор 2007 онд санхүүгийн үйлчилгээний “Аудур Капитал” компанийг байгуулж байжээ. Дэлхийн эдийн засгийн форумын мэдээллээр, Исланд улс сүүлийн 14 жилийн хугацаанд жендэрийн тэгш байдлын чансааг тэргүүлжээ.

Өмнөх ерөнхийлөгч нар албан тушаал хаших хугацаандаа улс төрөөс ангид байсаар ирсэн юм. Саяхан Исландын нийслэл Рейкьявик хотоос өмнө зүгт галт уулын дэлбэрэлт олон удаа болж, гамшигт өртсөн бүс нутгийн олон мянган иргэдийг тодорхойгүй хугацаагаар гэр орноос нь нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон юм.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.