Японы тэрбумтан Сар луу аялах төслөө хаажээ
Японы тэрбумтан Маэзава Юсакү Америкийн “SpaceX” компанид зохион бүтээсэн хөлгөөр Сар луу аялахаар төлөвлөж байсан “DearMoon” төслөө хаажээ.
“DearMoon төслийн хүрээнд Сар луу хийх анхны хувийн нислэг цуцлагдсаныг мэдэгдэж байгаад харамсаж байна. Биднийг дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлэхийн сацуу, энэ үйл явдлыг тэсэн ядан хүлээж байсан хүмүүсээс уучлалт хүсэж байна” гэж төслийн цахим хуудсанд мэдээлжээ.
Сансрын хөлгийг хөөргөх хугацааг хойшлуулсан, мөн “ойрын хугацаанд хөөргөх тодорхой хуваарь” байхгүй байгаагийн улмаас төслийг хаахаар шийдсэн байна. "DearMoon"-ийг 2023 оны эцэс гэхэд хэрэгжүүлэхээр анх 2018 онд гэрээнд гарын үсэг зуржээ. “Миний хувьд ийм нөхцөлд ирээдүйгээ төлөвлөж чадахгүй байгаа бөгөөд багийн гишүүдийг дахин хүлээлгэнэ гэхээс аймшигтай санагдаж байна. Тиймээс энэ үе шатанд төслийг хаах хэцүү шийдвэр гаргалаа" гэж М.Юсакү мэдэгдсэн байна.
“SpaceX” компани Сар луу хийх арилжааны нислэгээ 2017 оны эхээр танилцуулж байсан юм. Энэхүү нислэгийн анхны зорчигч нь М.Юсакү байх ёстой байсан бөгөөд тэрбээр хөлгийн бүх суудлыг худалдан авч, нислэгт оролцох найман хүнийг өөрөө сонгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрбээр Сар луу хамт аялах найман хүний нэрсийг 2022 оны 12 дугаар сард танилцуулсан юм. Багийн бүрэлдэхүүнд “K-pop” уран бүтээлч Топ, Америкийн DJ Стив Аоки, Америкийн найруулагч Брендон Холл, Ирландын зураач Рианнон Адам, Чехийн бизнес эрхлэгч, продюсер Йеми А.Д, Энэтхэгийн жүжигчин Дев Жоши, Америкийн иргэн, “YouTube” платформд шинжлэх ухааны чиглэлийн контент бүтээн нийтэлдэг Тим Додд, Их Британийн гэрэл зурагчин Карим Илия нар багтаад байлаа. Японы бүжигчин Мию, Америкийн снөүбордын тамирчин Кейтлин Фаррингтон нарыг мөн багийн нөөц гишүүдээр сонгоод байсан юм.
2021 онд М.Юсакү Оросын "Союз" хөлгөөр Олон улсын сансрын станц руу ниссэн юм.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл