Нормандын эрэгт холбоотны цэрэг буусны 80 жилийн ой
Нормандын эрэгт холбоотны цэрэг буусны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 1944 онд амь үрэгдсэн дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлэх үеэрээ дэлхийн хоёрдугаар дайныг Оросуудын Украинд хийсэн довтолгоонтой адилтган зүйрлэж “Өнөөдөр орчин үеийн Европт ардчиллыг хамгаалах тулаан явагдаж байна” гэж хэлжээ.
Мөн Байден 80 жилийн өмнө Нормандид Холбоотны цэргийн довтолгоон явагдсан Пуэнте ду Хок хотод үг хэлэхдээ “Өнөөдөр Европт болж буй Путины түрэмгийллийн эсрэг зогсож буй Украиныг Америк дэмжинэ гэдэгт хэн нэгэн эргэлзэж байна уу?” гээд “Тэд биднээс өөрийн ажлаа хийхийг шаардаж байна. Тэд эрх чөлөөгөө цаг тухайд нь хамгаалах, ардчиллыг хамгаалах, гадаад, дотоод түрэмгийллийг зогсоохыг хүсэж байна” гэж хэлжээ. АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Байдены энд хэлсэн үгийг АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейганы 1984 онд Нормандад 40 жилийн ойн үеэр хэлсэн үгтэй харьцуулсан байна. Хүйтэн дайн ид үргэлжилж, ЗХУ-тай сөргөлдөж байсан тэр үед Рейган “АНУ бусдаас тусдаа байх байр суурь баримтлах ёсгүй, харин дэлхий даяар дарангуйллыг идэвхтэй эсэргүүцэх үйлсийг тэргүүлэх ёстой” гэж хэлж байжээ.
Байден Парист мөн Нормандын 80 жилийн ойн баярт оролцсон Владимир Зеленскийтэй уулзаж “Вашингтон Украинд нийт 225 сая ам.долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилж байна. Энэ бүхнийг АНУ-ын цэргийн агуулахаас шууд та бүхэнд шилжүүлнэ” гэж мэдэгдэв. Энэхүү шинэ багцад HAWK агаарын довтолгооноос хамгаалах системд зориулсан пуужин, зенитийн Stinger пуужин, HIMARS пуужингийн системд зориулсан сум, мөн 155 мм-ийн гаубиц их буу болон сум зэрэг багтаж байгаа юм байна. Үүнээс өмнө зургаан сар орчим хугацаанд нийлүүлэлт хийгдээгүй байсан нь Украины Зэвсэгт хүчинд их хэмжээний зэвсэг нийлүүлэх шалтгаан болж байгаа бөгөөд Цагаан ордны тэргүүн Америкийн тусламж хойшилсонд албан ёсоор уучлалт гуйсан байна.
Тэрээр “Олон долоо хоног санхүүжилт батлах талаар будлиантай байсандаа хүлцэл өчье, учир нь манай зарим хуучинсаг үзэлтэй гишүүдээс болж эдгээр сангийн хуулийн төслийг батлахад асуудал гарсан ч бид үүнийг эцсийн эцэст хийж чадсан” гэж хэлсэн байна.
Харин Зеленский Францын парламентад үг хэлэхдээ “Орос улс өөрийн хөрш рүү дайрсны үр дүнд харамсалтай нь Европ энх тайван тив байхаа больсон” гэж хэлжээ. Мөн Украины Швейцарьт зохион байгуулж буй энх тайвны дээд хэмжээний уулзалт дайныг зогсооход тусална гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Ерөнхийлөгч Владимир Зеленский Парист болсон хэвлэлийн бага хурал дээр “Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хууль ёсны эсэхэд эргэлздэг. Нөхөр Путины хууль ёсны байдлыг зөвхөн нөхөр Путин л хүлээн зөвшөөрдөг. Манай ард түмэн эрх чөлөөтэй. Харин миний хууль ёсны байдлыг Путин бус Украины ард түмэн хүлээн зөвшөөрсөн” гэж мэдэгдэв. В.Путин болон Оросын бусад албаны хүмүүс Зеленскийг албан тушаалдаа орсноос хойш таван жил өнгөрсний дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд бүрэн эрхийн хугацаа нь дууссаны дараа Путин Зеленскийг хууль ёсны ерөнхийлөгч биш гэдгийг удаа дараа хэлж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гаригт тэрээр дахин “Украины эрх мэдлийг булаан тэр авсан.
Гэхдээ Орос улс хэлэлцээр хийх хэн нэгнийг хайхад бэлэн байна” гэж хэлсэн юм. Гэтэл Украины хуульд дайн тулааны үед сонгууль явуулахыг тусгайлан хориглосон байдаг. Мөн тус улсын Үндсэн хуульд одоогийн ерөнхийлөгч дараагийн төрийн тэргүүнийг ажлаа авах хүртэл бүрэн эрхээ хадгална гэж заасан байдаг билээ.
Энэхүү ёслолын ажиллагааны үеэр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон “Мираж-2000-5 сөнөөгч онгоцыг Украинд шилжүүлж, Украины нисгэгчдийг сургах болно. Тэд Украинд газар нутаг, агаарын орон зайг нь хамгаалах боломжийг олгоно. Франц мөн Украины 4500 цэргийг сургах хөтөлбөрт хамруулна” гэж мэдэгджээ. Mirage 2000-5 F бол 1980-аад оны сөнөөгч онгоцны гүн гүнзгий шинэчлэл буюу сайжруулсан радар, шинэ авионик, дижитал дэлгэц бүхий бүхээгтэй, мөн зэвсэг тээх есөн цэгтэй бөгөөд нийт 6.3 тонн ачаа даах чадвартай онгоц юм.
Францын ерөнхийлөгч Елисейн ордонд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хийсэн хэлэлцээний дараа хэвлэлийн бага хурал дээр “Бид ойрын өдрүүдэд Украины шаардлагад нийцсэн хамгийн том эвслийг байгуулж дуусгах болно.
Бид эвсэл байгуулах хүсэлтэй байгаа бөгөөд манай хэд хэдэн түншүүд аль хэдийнэ зөвшөөрлөө өгсөн. Энэ бол Украинд цэргийн сургагч илгээх эвсэл юм” гэж хэлжээ. Харин түүний энэхүү мэдэгдлийн дараа Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Макрон Киевийн дэглэмийг тууштай дэмжиж байгаагаа харуулж, Бүгд Найрамдах Франц улс цэргийн мөргөлдөөнд шууд оролцоход бэлэн гэж мэдэгдлээ. Бид эдгээр мэдэгдлийг хэт өдөөн хатгасан, тив дэх хурцадмал байдлыг нэмэгдүүлж, эерэг зүйл авчрахгүй зүйл гэж үзэж байна” гэж мэдэгдэв.
Г.АМАРСАНАА
Сэтгэгдэл