Хил зөрчсөн Умард Солонгосын цэргүүдэд анхааруулга өгөх зорилгоор Өмнөд Солонгосын тал гал нээжээ
Өнгөрсөн Ням гарагт хоёр Солонгосыг тусгаарладаг DMZ (Demilitarized Zone) бүсийн шугамыг Умард Солонгосын цэргүүд зөрчсөн тул хий буудаж анхааруулснаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ. Ням гарагийн 12:30 цагийн үед Умард Солонгосын хэсэг цэрэг хилийн шугамыг давахад Өмнөд Солонгосын цэргүүд чанга яригчаар анхааруулж, агаарт хий буудсан байна. Үүний үр дүнд Умардын цэргүүд буцаж хилийн шугамын нөгөө талд гарсан бөгөөд дахин өдөөн хатгасан ямар нэг үйлдэл гаргаагүй гэнэ.
Энэ үйл явдал хоёр Солонгосын сөргөлдөөн ширүүссэн цаг үетэй давхцаж байгаа юм. Пёняны эрх баригчид хог хаягдалтай уут дүүжилсэн нийт 1,000 гаруй агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт илгээгээд байгаа. Үүний хариуд Өмнөд Солонгос 2018 онд хоёр улсын батлан хамгаалах яам хооронд байгуулсан гэрээгээ цуцалж, хил дагуу суртал нэвтрүүлгийн чанга яригч ажиллуулах арга хэмжээг сэргээгээд байна.
Өмнөд Солонгосын энэ арга хэмжээний хариуд “Энэ бол маш аюултай нөхцөл байдалд шилжихийн өмнөх оршил юм” гэж Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулжээ.
Хил дагуу ажиллуулдаг чанга яригчаар Пёняны дэглэмийн эсрэг ухуулга, k-pop дуу хөгжим, Өмнөд Солонгосын мэдээ зэргийг цацдаг. Хил орчимд байрлаж буй цэргүүд, энд оршин суудаг иргэдийнх нь сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй тул Умард Солонгосын тал үүнд нэлээд эмзэг ханддаг юм. Үүнээс өмнө Умард Солонгосын талаас хил дагуу их буугаар галлаж өдөөн хатгасны дараа 2015 онд Өмнөд Солонгос суртал нэвтрүүлгийн чанга яригчуудаа ажиллуулж байжээ.
Эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл