Малави улсын дэд ерөнхийлөгч онгоцны ослоор амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Даваа гарагт Малави улсын дэд Ерөнхийлөгч Саулос Чилимагийн сууж явсан нисэх онгоц шигүү ойд осолдсоны улмаас тэрбээр гэргий болон бусад найман хүний хамтаар амь эрсэдсэн тухай тус улсын Ерөнхийлөгч Лазарус Чаквера мэдэгдлээ. Ерөнхийлөгч Л.Чаквера мягмар гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, эрэн хайх, аврах багийнхан Малавийн Чикангава ойн нэгэн толгодоос “бүрэн сүйрсэн” онгоцны сэгийг олсон тухай мэдээлсэн байна. Түүний хэлснээр, онгоцны зорчигчид бүгд амь насаа алджээ.

51 настай С.Чилима болон түүний багийнхан орон нутгийн цагаар даваа гаргийн өглөөний 9:17 цагт цэргийн нисэх онгоцоор нийслэл Лилонгве хотоос хойд нутгийн Мзузу хот руу нисжээ. Гэвч цаг агаарын таагүй байдлаас болж Мзузу нисэх онгоцны буудалд газардах боломжгүй болсон тул онгоцыг нийслэл рүү буцахыг зөвлөсөн боловч удалгүй сураггүй болсон байна.

Л.Чаквера ослыг “зүрх шимширэм” гэж үйл явдал хэмээгээд дэд Ерөнхийлөгчийг эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэсэн сайн эр, эцэг, хань байсан хэмээн дурсжээ. “Тэрбээр сүүлийн дөрвөн жилийн туршид миний орлогч, зөвлөхөөр ажиллаж байсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэж Ерөнхийлөгч хэлсэн байна.

Малавийн Батлан ​​хамгаалах хүчний командлагч Пол Валентино Пиригийн хэлснээр, тус улсын арми онгоцыг эрэн хайх ажиллагааг удирдан явуулж, хөрш зэргэлдээх улсуудаас тусламж авчээ. Шөнөжин үргэлжилсэн эрлийн ажилд цаг агаарын таагүй байдал, бартаатай зам саад болсныг тэрбээр дурдсан байна.

“Dornier 228-202K” загварын нисэх онгоцонд дэд Ерөнхийлөгчийн гэргий Шанил Дзимбири болон цэргийн багийн гурван гишүүнийг оруулаад долоон зорчигч байжээ.

2014 онд дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон С.Чилима бол Малавид, тэр дундаа залуучуудын дунд ихээхэн нэр хүндтэй байсан бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоонд багтаж байжээ. Гэвч 2022 онд тэрбээр Их Британи-Малави гаралтай бизнес эрхлэгчтэй холбоотой хээл хахуулийн дуулианы хэргээр баривчлагдаж, авлигын хэрэгт яллагдагчаар татагдсаны дараа огцорсон байна. Өнгөрсөн сард Малави улсын шүүх уг хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа тэрбээр албан тушаалдаа эргэн ороод байжээ.

Э.ХУЛАН

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.