Сонгуультай холбоотой өргөдлийн 56 нь гэмт хэргийн шинжтэй байгааг тогтоожээ
Цагдаагийн байгууллагад сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн асуудлаар бүртгэсэн гэмт хэрэг зөрчлийн талаар НЦУГ-ын хурлын танхимд мэдээлэл өгөв. Зөрчлийн хэрэг бүртгэх албаны Чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Э.Саруул, МБА-ны Тусгай субьектээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга нар мэдээлэл өглөө.
Б.Баттулга: Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн тул 21 аймагт сонгуулийн зөрчил, маргааныг шалгах ажлын хэсгийг Цагдаагийн газрын даргын тушаалаар байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Өргөдөл, гомдлыг заавал ажлын цагаар авна гэхгүй, шуурхай үйлчлэх зорилготой. Өнөөдрийн байдлаар сонгуультай холбоотой 162 өргөдөл, мэдээлэл хүлээн аваад байна. Үүний 123-ыг нийлэлд, орон нутагт 39 мэдээллийг тус тус бүртгэсэн. үүний 56 нь гэмт хэргийн шинжтэй, 106 зөрчлийн шинжтэй мэдээлэл байна.
Нийт 104 гомдлыг шийдвэрлэсэн. 58 өргөдөл, гомдлыг мөрдөн шалгаж байна. Бид өргөдөл гомдлыг тав хоногийн дотор шийдэх хуулийн хугацаатай. Энэ хугацаанд амжихгүй бол 14 хоног сунгадаг. Гэхдээ аль болох хурдан шийдвэрлэхэд онцгой анхаарч байна. 2020 оны сонгуулиар хэчнээн өргөдөл хүлээн авсан бэ гэдэг дээр үнэлэлт дүгнэлт хийсэн. Мөн энэ жилийн сонгуулийн онцлогийг харгалзан хүн хүчээ зохион байгуулж, бэлтгэлээ хангасан.
Нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг урсан, зургийг эрээчсэн, баллаж сохолсон, нэр дэвшигчийн нэр хүндэд халдлаа гэх дуудлага мэдээлэл их ирлээ. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 41.11-т “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд байрлуулсан зурагт самбарыг гэмтээх, устгахыг хориглоно”
Мөн хуулийн 80.1-т “Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн болон Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. Иймд иргэдийг бусдын сурталчилгаанд хүндэтгэлтэй хандаж, хууль зөрчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулав.
Сэтгэгдэл