СЕХ-ноос Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулах хүсэлт гаргана гэв
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх шийдвэр гаргасан. Ингэхдээ гаргасан шийдвэртэйгээ холбогдуулан Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулахаар болсноо мэдэгдлээ.
Тус мэдээлэлд "Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний сонгогдох эрх болон шүүхийн шийдвэрийг хангах зорилгоор Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн ч шүүхийн энэхүү шийдвэр нь цаашид Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйл буюу сонгогддог, томилогддог нийтийн албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэмт хэрэг нь албан тушаалын гэмт хэрэгт тооцогдохгүй бол ямар төрлийн гэмт хэрэгт хамааруулан ойлгох талаар хууль хэрэглээний хувьд нэг мөр ойлголттой болгох шаардлагад үндэслэн Улсын дээд шүүхэд тайлбар гаргуулах хүсэлт хүргүүлэхээр тогтов" гэжээ.
Сонгуулийн тухай хуулийн 29.9-д "Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно" гэж заасан. Гэтэл цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 23.5.1 буюу албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан гэх заалтыг сонгуулийн хуулийн дээрх заалтад хамаатуулан үзээд буй. Үүнд үндэслэн СЕХ Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаад байсан юм.
Хуулийг нэг мөр ойлгох хэрэгцээ шаардлага тулгараад байгаа учир СЕХ-ноос Улсын дээд шүүхэд хууль тайлбарлуулахаар хандаж байгаа аж.
Эрүүгийн хуулийн 23.5 Хайнга хандах
1.Албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл