И.Маскт 56 тэрбум ам.долларын урамшуулал олгохыг Теслагийн хувьцаа эзэмшигчид дэмжлээ
“Тесла” компанийн хувьцаа эзэмшигчид компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Илон Маскт 56 тэрбум ам.долларын урамшууллын багцыг олгохыг дэмжиж, мөн компанийн төв байрыг Делавэрээс Техас руу нүүлгэхийг зөвшөөрчээ.
Хувьцаа эзэмшигчид Америкийн нээлттэй хувьцаат компаниудын түүхэнд байгаагүй их хэмжээний урамшууллыг олгохыг урьдчилсан байдлаар дэмжсэн нь пүрэв гаргийн өглөө тодорхой болоод байсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн жил тутмын хурлын үеэр санал хураалтын дүнг албан ёсоор зарлажээ.
Багцыг анх 2018 онд баталж байсан боловч хувьцаа эзэмшигчдийн нэг нь Делавэр муж улсын шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хүчингүй болгосон байна. Шинжээчдийн хэлж байгаагаар, шүүхээс хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй тул пүрэв гаргийн санал хураалт нь И.Маск төлбөрийг автоматаар авна гэсэн үг биш юм.
“Тесла”-гийн захирлуудын зөвлөлөөс мэдэгдэхдээ, И.Маск ийм урамшууллыг хүртэх эрхтэй, учир нь түүний удирдлага дор компани амбицтай зорилгодоо хүрсэн бөгөөд түүнд “Тесла”-даа үнэнч хэвээр үлдэх хөшүүрэг байх ёстой гэжээ.
2018 онд батлагдсан төлөвлөгөөнд “Тесла”-гаас албан ёсоор цалин авдаггүй И.Маск компанийн зах зээлийн үнэлгээ болон орлогын хэмжээ төлөвлөсөн үзүүлэлтэд хүрсэн тохиолдолд (энэ нөхцөл хангагдсан) 56 тэрбум ам.долларын урамшуулал олгоно гэж тусгасан байв. Гэвч “Тесла”-гийн жижиг хувьцаа эзэмшигчдийн нэг болох Ричард Торнетта /есөн ширхэг хувьцаа эзэмшдэг/ үүнийг үндэслэлгүй гэж үзэн шүүхээр дамжуулан хүчингүй болгохыг шаарджээ. Мөн Калифорнийн тэтгэврийн сан Калстрс, “Тесла”-гийн найм дахь том хувьцаа эзэмшигч Норвегийн улсын тэтгэврийн сан зэрэг томоохон хөрөнгө оруулагчдын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Өнгөрсөн өдрүүдэд тус сан И.Маскт урамшуулал олгохыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм.
Энэ оны эхээр Делавэр муж улсын шүүгч Кэйтлин Маккормик уг төлөвлөгөөг зөрчилтэй боловсруулсан, харин урамшууллын хэмжээ нь хувьцаа эзэмшигчдийн хувьд шударга бус байна гэж үзжээ.
“Тесла” энэ шийдвэрийг "үндсэндээ шударга бус, хувьцаа эзэмшигчдийн хүсэл зоригт нийцэхгүй байна" гэж мэдэгдсэн байна. Улмаар тус компани төлөвлөгөөг дахин санал хураалтад оруулж, И.Маскт олгох урамшууллыг болон Делавэр муж улсаас гадна “Тесла”-г дахин бүртгүүлэх төлөвлөгөөг дэмжихийг уриалжээ. Пүрэв гарагт хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн талаарх мэдээ цацагдсаны дараа “Тесла”-гийн хувьцаа өссөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
Зочин [77.100.182.196] 2024-06-15 19:04:56
uhaantai hun