“Долоогийн бүлэг” Оросын царцаасан хөрөнгийг ашиглан Украинд зээл олгохоор тохиролцжээ
Барууны орнуудын санхүүгийн байгууллагуудад битүүмжлэгдсэн Оросын хөрөнгийн хүүгийн орлогыг ашиглан олон арван тэрбум долларын зээлийг барууны холбоотнуудад эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр Украинд олгоно гэж “Долоогийн бүлэг”-ийн орнууд пүрэв гарагт мэдэгджээ.
“Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагч Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони мэдэгдэхдээ, бид оны эцэс гэхэд Украинд 50 тэрбум ам.долларын нэмэлт санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр улс төрийн тохиролцоонд хүрсэн гэв.
Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр удирдагчид Италийн Пуглиа мужийн тансаг зэрэглэлийн “Борго Эгназиа” амралтын газарт уулзах үеэр дээрх мэдэгдлийг хийсэн байна. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хувьд ялалт болж байна. Тэрбээр Москвагийн түрэмгийллийн эсрэг тэмцэхэд нь Украинд туслахын тулд санхүүжилт олгох өөрийн төлөвлөгөөг дэмжихийг “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдад уриалж байсан юм.
Ж.Байден пүрэв гаргийн орой Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлэхдээ, “Долоогийн бүлэг”-ийн тохиролцоо бол “Бид ухарч няцахгүй гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд дахин сануулж байна. Чухамдаа бид түүний хууль бус түрэмгийллийн эсрэг хамтдаа зогсож байна” гэжээ.
Барууны санхүүгийн байгууллагуудад Оросын 280 тэрбум ам.долларын хөрөнгө битүүмжлэгджээ. Эдгээр хөрөнгө нь жилд хамгийн багадаа гурван тэрбум ам.долларын хүүгийн орлого олох төлөвтэй байна. Дээр дурдсан 50 тэрбум ам.долларын зээлийг 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд эсвэл зээлийг төлж дуустал эсвэл ОХУ дайны төлбөр төлөх хүртэл уг орлогоор төлөх ажээ.
АНУ, Украины хооронд аюулгүй байдлын хэлэлцээр байгууллаа
Пүрэв гаргийн орой Ж.Байден, В.Зеленский нар АНУ-аас Украинд үзүүлэх дэмжлэгийг тодорхойлсон хоёр талын аюулгүй байдлын тусдаа гэрээнд гарын үсэг зурсан байна. “Талууд 10 жилийн хугацаатай гэрээнийн хүрээнд Украины батлан хамгаалах, тогтоон барих найдвартай чадавхыг бий болгож, хадгалах, урт хугацаанд тэмцлээ үргэлжлүүлэх чадавхыг бэхжүүлэх, олон улсын эрх зүйн хүрээнд Украины эрхийг хүндэтгэсэн шударга энх тайвныг тогтоохын төлөө хамтран ажиллах болно” гэж Цагаан ордон мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
зочин [66.181.191.93] 2024-06-14 23:37:42
Украйнчуудыг бурхан ивээх болтугай.