Үндсэн Хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааныг хойшлууллаа

Aдмин / Хууль

Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт

13.4.Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно.

34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалтад

34.4.1.татвар төлөгчийн дансны мэдээлэл болон уг данстай холбоотой эзэмшигчийн талаарх мэдээллийг татварын албаны шаардсанаар тухай бүр;

34.4.3.татвар төлөгчийн дансны гүйлгээний мэдээллийг татварын албанаас бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн.гэж тус тус заажээ.

Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд ирүүлснийг хэлэлцээд магадлал гаргав.

Уг магадлалд, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т “Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ ... талуудыг эрх тэгш, чөлөөтэй мэтгэлцүүлэх, асуудлыг хамтран хэлэлцэж, олонхын саналаар, бодитой, энэ хууль болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд чанд нийцүүлэн шийдвэрлэх зарчмыг баримтална.” гэж, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлд “Цэцийн хуралдаанд маргагч талуудын тайлбар, дүгнэлт, санал, хүсэлт, мэтгэлцээнийг үгээр сонсох ...”, 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Цэцийн хуралдаанд маргагч талууд, тэдгээрийн итгэмжилсэн төлөөлөгч, өмгөөлөгчид маргаж байгаа асуудлаар харилцан бие биедээ асуулт тавьж, хариулт авах, гомдлын шаардлага, татгалзлын үндэслэл болсон нотлох баримтуудыг харилцан няцаах, энэ талаархи баримтуудыг зохих журмын дагуу гаргах, батлах зэргээр мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлнэ.”, “Цэц төвийг сахиж, маргагч талуудад чөлөөтэй мэтгэлцэх бололцоо олгоно.” гэж тус тус заасны дагуу маргааныг бүрэн гүйцэд, бодитой хянан шийдвэрлэх, маргагч талуудын чөлөөтэй мэтгэлцэх, мэтгэлцээнийг үгээр сонсох боломжийг хангах үүднээс маргааныг хянан шийдвэрлэх Дунд суудлын хуралдааныг хойшлуулахаар заасан байна.

Энэхүү маргааныг хянан хэлэлцэх хуралдааныг дараа товлон зарлана.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.