В.Путин Умард Солонгос, Вьетнамд айлчилна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны урилгаар тус улсад найрсаг төрийн айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлэв. Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Пёньянд хийх айлчлал “маш шахуу хөтөлбөртэй байх” ажээ. Төрөл бүрийн форматаар хийх уулзалтуудын үеэр "хамгийн чухал, хамгийн эмзэг асуудлуудыг" хэлэлцэнэ гэж Ю.Ушаков сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусов багтжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун В.Путиний урилгаар 2023 оны есдүгээр сард Орост албан ёсны айлчлал хийсэн юм. Тухайн үед ОХУ нь коронавирусний цар тахал эхэлснээс хойш БНАСАУ-ын удирдагчийн айлчилсан анхны улс болсон бөгөөд цар тахлын улмаас тус улс хилээ хаасан байсан билээ. Ким Жөн Ун Оросын Алс Дорнодод айлчилж, Оросын удирдагчийг тааламжтай үедээ айлчлахыг урьсан юм.
В.Путин 2000 онд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хоёр сарын дараа буюу долоодугаар сард Пёньянд айлчилж байсан юм. Уг айлчлалын үеэр тэрбээр тус улсын тухайн үеийн удирдагч, одоогийн удирдагчийн эцэг Ким Жөн Илтэй хоёр талын болон олон улсын асуудлуудыг хэлэлцэж, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Сений бунханд зочилж, Солонгосыг чөлөөлсөн Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөж байв.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээнд мөн В.Путин зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийн урилгаар Вьетнамд айлчилна гэж дурджээ. Ханойд В.Путин Вьетнамын Ерөнхийлөгч То Лам, Ерөнхий сайд Фам Минь Тин, Үндэсний Ассамблейн дарга Чан Тхань Ман нартай уулзах бөгөөд Орос, Вьетнамын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Яриа хэлэлцээний дараа хоёр тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Хөршүүддээ хойш нь тавигдаж мухай царайлна. [66.181.160.77] 2024-06-18 12:29:31
Монголтой ч юугаа ярих вэ дээ? Монголд ирэхлээр нь бид Путиныг ОУ-ын Эрүүгийн шүүхэд барьж хүлээлгэн өгөх үүрэгтэй юм чинь. Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчээр Бельги явчихсан, тэндээ олон орны шүүгч нарын дунд нэр хүнд олж авахын тулд Путиныг бариулах ёстой болчихоод байгаа. Иймд Монгол Улс асуудлаа ОХУ-ын удирдлагад танилцуулж тусламж авах боломж хязгаарлагдмал болсон. Бид хойш нь тавигдахаас өөр яах уу?