Саудын Араб улсад үргэлжилж буй хаж мөргөлийн үеэр агаарын хэт халалтын улмаас 550 гаруй хүн амиа алджээ
Исламын шашны ариун газар гэгддэг Саудын Арабын Мекка хотод жил бүр хаж мөргөл зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс саяар тоологдох хэмжээний сүсэгтнүүд цуглардаг. Энэ жилийн мөргөл Баасан гарагт эхэлж, өнөөдөр буюу Лхагва гарагт өндөрлөх юм. Мекка хот орчимд сүүлийн өдрүүдэд агаарын температур Цельсийн +50 хэм давснаас 550 гаруй мөргөлч амиа алдаад байгаа тухай Саудын Арабын албаныхан өчигдөр мэдээлжээ. Тэдгээрийн 323 нь Египетээс ирсэн мөргөлчид юм байна. “Египетийн мөргөлчдийн нэгээс бусад нь хэт халуун цаг агаартай холбоотой өвчлөлийн улмаас амиа алдсан. Нэг хүн шахцалдааны үеэр бэртсэнээс болж нас барсан байна” гэж эх сурвалж ярьжээ. Йордан улсаас ирсэн мөргөлчдөөс 60 хүн амиа алдсан нь мөн л хэт халалттай холбоотой юм байна. Нийтдээ улс улсаас ирсэн 577 мөргөлч амь үрэгджээ.
Аль Муайзем дүүрэг дэх Мекка хотын хамгийн том шарил хадгалах газарт нийтдээ 550 хүний цогцос ирсэн байна. Өнгөрсөн оны хаж мөргөлд 2 сая орчим хүн цугларснаас 240 нь амиа алдаж байжээ. Тэдгээрийн ихэнх нь Индонезын иргэд байсан юм. Хаж мөргөл бол Исламын шашны таван үндсэн тулгуур баганын нэгд тооцогддог бөгөөд муслим хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа гүйцэтгэх ёстой гэж үздэг. Гэвч жилээс жилд уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, энэ уламжлалыг дагахад улам хэцүү болж байгаа.
Өнгөрсөн сард Саудын Арабт нийтлэгдсэн нэг судалгааны тайланд хаж мөргөл зохион байгуулагддаг ариун газруудын агаарын дундаж температур арван жил тутамд Цельсийн 0.4 хэмээр нэмэгдэж байгааг харуулжээ.
Даваа гарагт Мекка хотын Их сүмийн орчимд агаарын температур Цельсийн 51.8 хэм хүрснийг Саудын цаг уурын алба мэдээлсэн байна. Саудын албаныхан халуун өдрүүдэд ус их уух, шүхэр хэрэглэх, өдрийн цагаар гадагшаа гарахгүй байхыг мөргөлчдөд зөвлөж байгаа. Энэ жилийн мөргөлд 1.8 сая муслим оролцож байгаагийн 1.6 сая нь гадаадаас ирцгээжээ.
Ихэнх улс орнууд хэчнээн тооны иргэн нь амиа алдсан талаар тоо гаргаж чадахгүй байгаа. Египет, Йордан зэрэг улсуудын мөргөлчдөөс сураггүй алга болсон хүмүүс их байгаа юм. Тиймээс хаж мөргөлийн үеэр амиа алдсан хүмүүсийн бодит тоо албан ёсны тооноос өндөр байх магадлалтай. Хаж мөргөлийг зохион байгуулах нь Саудын Арабын хааны гэр бүлийн хувьд нэр төрийн хэрэг юм. Тус улсын хаан Салман нь Мекка, Медина хотуудад байдаг “Хоёр ариун сүмийн хамгаалагч” хэмээх цолыг зүүдэг.
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл