Умард Солонгосын цэргүүд хилийн шугам давахад Өмнөд Солонгосын тал анхааруулах зорилгоор гал нээжээ
Өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний айлчлалын өмнөхөн Умард Солонгосын цэргүүд хилийн шугамыг давж, Өмнөд Солонгосын тал анхааруулах зорилгоор гал нээсэн байна. Анхааруулга өгсний дараа цэргүүд хилийн шугамын нөгөө талд буцаж гарсан бөгөөд Өмнөд Солонгосын албаныхан үүнийг санамсаргүй үйлдэл гэж дүгнэжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хоёр дахь ийм тохиолдол гарсан нь дөрөвдүгээр сараас хойш Умард Солонгосын цэргүүд хилийн шугам дагуу бэхлэлт байгуулж байгаатай холбоотой юм.
Өчигдрийн тохиолдолд 20-30 цэрэг хоёр Солонгосыг тусгаарладаг шугамыг давж, 20 орчим метрийн гүнд нэвтэрсэн гэнэ. Өнгөрсөн долоо хоногт ажлын багаж барьсан цөөн тооны цэрэг мөн Өмнөд Солонгосын нутагт нэвтрээд анхааруулж буудсаны дараа буцсан юм.
Хил дагуу бэхлэлт байгуулж байгаа нь Умард Солонгосын цэргүүд, иргэдийг Өмнөд Солонгос руу дүрвэхээс сэргийлэх зорилготой арга хэмжээ гэж Сөүлийн албаныхан үзэж байна. DMZ (Demilitarized Zone) буюу зэвсэггүй бүс гэж нэрлэдэг 258 км урт үргэлжилсэн зурвас газар хоёр Солонгосыг тусгаарладаг. Гэхдээ энэ зурвас эсрэгээрээ маш хатуу харуул хамгаалалттай, битүү минажуулсан байдаг тул хүн нэвтрэх боломж маш бага. 2023 онд Умард Солонгосоос 196 хүн Өмнөд Солонгост дүрвэж ирэхдээ бүгд Хятадаар дамжиж байжээ.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл