Европын холбоо ирэх сараас Хятадын цахилгаан автомашинуудад нэмэлт татвар ногдуулна
Европын холбоо ирэх сараас Хятадын цахилгаан автомашинуудад 38.1 хүртэл хувийн нэмэлт татвар ногдуулахаа зарлалаа. Хятадтай хийж байгаа энэ талын яриа хэлэлцээ нь үр дүнд хүрэхгүй бол татварын шинэ нэмэгдлийг ирэх сарын 4-нөөс мөрдөхөөр төлөвлөж буй юм байна. Европын холбооны энэ алхмыг Хятад улс харин худалдааны зөрчилдөөн үүсгэж байдлыг улам хурцатгаж байгаа, “илэрхий гаалиар хавчих үйлдэл” гэж туйлаас сэтгэл гонсгор байгаагаа мэдэгдсэн байна. Хятадын үйлдвэрийн цахилгаан автомашинууд засгаас нь олгодог шударга бус татаасаас ашиг хүртэж, Европын үйлдвэрлэгчдэд “эдийн засгийн хохирол хүлээх” аюулд оруулж байна гэж Европын комисс үзсэн байна.
Улмаар шинээр нэвтрүүлэх татвар, өмнө нь мөрдөгдөж байсан 10 хувийн татвар дээр нэмэгдэл болж татагдана гэдгийг Европын комисс мэдээлсэн. Хятадад үйлдвэрлэл явуулдаг барууны үйлдвэрлэгчдэд энэ нэмэлт татвар мөн үйлчлэх юм байна. Хятадын худалдааны яам энэ тухайд нэлээд хурц мэдэгдэл хийж, Европын комиссын шийдвэр дэлхийн цахилгаан автомашины аж үйлдвэрийг “илт доголдуулж, доройтуулна” хэмээн эрс буруутгасны зэрэгцээ хариу арга хэмжээ авна гэдгээ мөн ойлгуулсан байна.
Европын холбоог энэ буруу шийдвэрээ нэн даруй залруулахыг уриалжээ. Үүний зэрэгцээ Европын комиссын нэвтрүүлэх гэж байгаа нэмэлт татвар өнгөрсөн сард АНУ Хятадын цахилгаан автомашинуудад ногдуулдаг татвараа 25 хувиас 100 хувь болгож өсгөхөө зарласны дэргэд харьцангуй даруухан байгааг ажиглагчид тэмдэглэж байна.
Европын холбооны зүгээс өнгөрсөн оны 10 сард Хятадын цахилгаан автомашинууд шударга бус өрсөлдөөн үүсгэж, зах зээлийг доройтуулж байна гэдэг үүднээс хяналт шалгалтыг эхлүүлсэн.
Улмаар Хятадын үйлдвэрлэгчдэд хангамж нийлүүлэлтийн сүлжээний үе шат тутамд засгаас нь татаас олгодог болохыг нягтлан тогтоожээ. Мөн хятад машинуудын Европын холбооны зах зээлд эзлэх хувь эрс ихэссэнээс Европын холбооны өөрийнх нь үйлдвэрлэгчид үнээ өсгөх аргагүй болж, алдагдалд орж байна гэж дүгнэсэн байна. Гэхдээ Европын холбооны энэ шийтгэлийн чанартай татвар цахилгаан автомашины салбарт нөлөөлөх боловч сэргэх төлөвтөө орсон Хятадын эдийн засгийг сааруулахгүй гэдэг байр суурийг “Сити групп”-ын шинжээчид илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл