ПАРИС 2024: Тувалу улсыг төлөөлж ганц тамирчин олимпод оролцоно

Aдмин / Гадаад мэдээ

"Парис 2024" олимпын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд Тувалугийн Карало Майбука оролцохоор болжээ. Өдгөө 25 настай К.Майбука гурван жилийн өмнө Токиогийн олимпод улсынхаа тугч байв. Тэгвэл энэ жил Францад дахин энэ үүргээ гүйцэтгэх аж.

Ойролцоогоор 11,000 хүн амтай Тувалу улс нь хэд хэдэн жижиг арлуудаас бүтдэг. Зарим арлын өргөн нь хэдхэн зуун метрээр хэмжигддэг. Хязгаарлагдмал орон зайн улмаас тус улсад хөнгөн атлетикийн стандарт зам байхгүй.

Нийслэл Фунафути хотод нисэх онгоцны буудлын зориулалтын талбай бий. Долоо хоног бүр хөөрдөг олон улсын нислэгийн тоо хязгаарлагдмал байдаг тул нисэх зурвасыг нутгийн иргэд амралт зугаалгын зориулалтаар ашигладаг аж.

Тувалугийн Үндэсний Олимпын Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Мелей Мелей хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Бидэнд зориулалтын уралдааны зам, талбай байхгүй. Хэрвээ хүмүүс гүйлтийн бэлтгэл хийх шаардлагатай бол нисэх онгоцны буудлыг зорьдог" гэж ярьжээ.

Тувалу улс 2008 оны Бээжингийн олимпод анх оролцсон түүхтэй. Үүнээс хойш тус улсыг төлөөлж нийт зургаан тамирчин хөнгөн атлетик болон хүндийг өргөлтийн төрөлд улсаа төлөөлсөн ч хараахан медаль аваагүй байна. Бэлтгэл хийх боломж хомс байдаг тул тамирчид нь гадаадад очиж бэлтгэл хийх шаардлагатай тулгардгийг Мелей онцолсон юм.

Саяхан далайн орнуудын хөнгөн атлетикийн тэмцээнд оролцохын тулд тамирчид нь нисэх зурвасын талбайдаа бэлтгэл хийжээ.

К.Майбукагийн хувьд Фижид сурдаг. Суралцахын хажуугаар хөнгөн атлетикийн бэлтгэлээ эрчимтэй хийж байна. Тэрбээр Токиогийн олимпын урьдчилсан шатанд хамгийн сүүлийн байр эзэлсэн ч улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн билээ. Парист өмнөх олимпод тогтоосон хувийн дээд амжилт болох 11.42 секундээ давахаар төлөвлөж буй аж. Токиод Италийн гүйгч Марсел Жэйкобс 9.80 секундэд замаа дуусгаснаар олимпын аварга болж байв.

Эх сурвалж: Inside The Games


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.