Дани улс дэлхийн анхны нүүрстөрөгчийн татварыг нэвтрүүлж, үхэр тутмаас $100 татдаг болно

Aдмин / Гадаад мэдээ

Дани улсын эвслийн засгийн газар дэлхийн анхны нүүрстөрөгчийн татварыг нэвтрүүлэхээр энэ долоо хоногт тохиролцжээ. Тодруулбал, дэлхийн дулааралд оруулж буй хувь нэмрийнхээ төлөө мал аж ахуй эрхлэгчид 2030 оноос эхлэн татвар төлөхөөр болсон байна. Ингэхдээ үхэр тутмаас 672 кроны ($96) татвар авахаар төлөвлөжээ. Дани бол сүүн бүтээгдэхүүн, гахайн махны томоохон экспортлогч орон юм. Тус улсын ялгаруулдаг нийт хүлэмжийн хийн ихэнх хэсгийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлдэг.

Тус улсын засгийн газар бас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтын хүрээнд ойжуулалт, хөрс сэргээлт зэрэг арга хэмжээнүүдэд 40 тэрбум кроныг ($3.7 тэрбум) зарцуулахаар шийдвэрлэжээ.

“Өнөөдрийн тохиролцоогоор бид Данийн байгаль орчинд сүүлийн жилүүдэд гараагүй томоохон өөрчлөлтийг нэвтрүүлэх зорилготой олон тэрбумын хөрөнгө баталлаа. Үүний зэрэгцээ бид нүүрстөрөгчийн татвартай дэлхийн анхны улс болж байна” гэж Мягмар гарагт тус улсын гадаад хэргийн сайд Ларс Локке Расмуссен хэвлэлд ярьсан байна.

Эрх баригчдын шийдвэрийг аж ахуй эрхлэгчдийн зарим нь дэмжиж, зарим нь эсэргүүцэн хүлээж авчээ. Дэлхийн хүнсний үйлдвэрлэлийн салбар нийт хүлэмжийн хийн гуравны нэгийг ялгаруулдаг гэдэг.

Ялангуяа мал аж ахуй үүнд гол үүрэг гүйцэтгэдэг байна. НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын гаргасан тооцооллоор 2015 онд мал аж ахуй дэлхийн нийт хүлэмжийн хийн 12 хувийг ялгаруулж байжээ. Данийн парламент энэ оны сүүлээр шинэ хуулийн төслийг батлах төлөвтэй байна.

2030 оноос эхлэн малаас ялгарах хүлэмжийн хийн тонн тутамд 300 кроны ($43) татвар оноох бол 2035 оноос 750 крон ($107) болж нэмэгдэх юм. Үүнийг малын тоо толгойд хувааж тооцоход нэг үхрийн жилийн татварын хэмжээ 672 крон ($96) болж байгаа ажээ. Энэ хэмжээ 2035 оноос 1,680 крон ($241) болж нэмэгдэх юм.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.