Б.Батхуяг: Хар тамхи худалдан борлуулсан этгээдэд оноох ялын бодлогыг чангатгах шаардлагатай

Aдмин / Хууль

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгож баталсан. Тус өдрийг 1987 оноос хойш 37 дахь жилдээ гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Гаалийн ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх буудал зэрэг байгууллагууд хамтарч хар тамхинаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Б.Батхуягтай ярилцлаа.


-Мансууруулах бодис, хар тамхинаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсон. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг нь хохирогчийн гомдлоор илэрдэггүй болохоор далд хэлбэртэй байдаг. Цагдаагийн байгууллагын зүгээс хэрэг илрүүлэлт сайжирсан. Нийлүүлэлттэй буюу мансууруулах бодис, хар тамхи худалдаж байгаа этгээдүүдтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь эрэлтийг үгүй болгох юм.Эрэлтийг бууруулах гол арга нь урьдчилан сэргийлэх ажил. Хүүхэд, залуус хар тамхины хор уршиг, сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Мөн сонсдог, үздэг урлаг соёлынхноос буруу үлгэр дуурайл авч, хэрэглэх сэдэлтэй болдог. Хэрвээ эрэлтгүй болчихвол нийлүүлэлт зогсох юм.

-Өнөөдрийн арга хэмжээнээс юуг онцлох вэ?

-Чингис хаан олон улсын нисэх буудал дээрх хараа хяналтыг улам чангатгах, мөн иргэд танихгүй хүнээс дайвар ачаа авахгүй байхыг хатуу анхааруулж байна. Мөн онгоцны бүхээгт үнэрч нохой ажиллуулах туршилт хийгдэж байна.

-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо өсөх эрсдэлтэй байна уу?

-Саяхан Коломбын төлөвлөгөө байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал Монгол Улсад болж өнгөрсөн.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC), Америкийн DEA зэрэг газрууд урдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллага хийх нь үр дүн багатай гэж зөвлөдөг.

НҮБ-ын судалгаагаар хөгжил буурай орнуудын хар тамхи хэрэглэгчдийн тоо 2030 он гэхэд 43 хувиар өсөх эрсдэлтэй байгаа. Бид урьдчилан сэргийлэх ажил, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх хэрэгтэй.

Ялангуяа ЕБС-иудад дунд ангиас нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хэрэглэгч болохоос нь өмнө сэргийлэх хэрэгтэй байна. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх ажилд оролцох хэрэгтэй. Хар тамхинаас урьдчилан сэргийлэх ажлыг Боловсрол, Соёлын яам хийх нь илүү үр нөлөөтэй.

-Тус яамдын оролцоо ямар байх шаардлагатай юм бэ?

-Он гарснаас хойш 1822 насны хоёр хүн хүнд төрлийн өвчин намдаах эмийг зориулалтын бусаар мансууруулах зорилгоор ашиглаж нас барсан. Эмчийн жоргүйгээр олгодог зарим эмийг заавал эмчийн жороор олгодог эмийн жагсаалтад оруулах нэн шаардлагатай байна. Сонгуулиар улс төрийн намуудын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх талаар ярьж байгаа хүн ховор байна. Хар тамхины хэрэглэгчийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэх нь үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сантай шууд холбоотой чухал асуудал юм. Америк улсад гэхэд жилд 100 мянган хүн хар тамхи, тайвшруулах үйлчилгээтэй эмийг зориулалтын бусаар мансуурах зорилгоор ашиглаж амиа алддаг гэсэн судалгаа бий. Эрүүл мэндийн яамнаас хүмүүс мансуурах гэж хэрэглээд байгаа жоргүй олгодог эмийг заавал эмчийн жортой олгодог болгох ажлыг хийх хэрэгтэй байна. Ингэснээр эрдэнэт хүний амийг аварч байна гэсэн үг.

-Ялын бодлого хэр үр дүнтэй байна вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүс 2-8 жилийн хорих ял шийтгэл хүлээж байна. Хэрэглэгч, донтогч болсон хүмүүст оногдуулах ялыг чангаруулах шаардлагагүй. Харин тэдгээр хүмүүсийг эмчлэх, нийгэмшүүлэх, донтолтоос ангижруулах ажлыг хийх хэрэгтэй. Харин мансууруулах бодис, хар тамхи худалдаалсан хүмүүст оногдох ял шийтгэлийг чангатгах ёстой. Учир нь мансууруулах бодис зарж борлуулсан этгээд шүүхээс хоёр жилийн хорих ял аваад, хэсэг хугацааны дараа магадлангаар ороод нэг жил хорих ял эдлээд суллагдчихдаг байх жишээтэй. Хамгийн гол нь олон жилийн ял шийтгэл өгөхдөө бус юм. Олон жилийн хорих ял шийтгэлтэй байвал худалдан борлуулах гэж байгаа хүмүүс айж, тэр үйлдлээ зогсооно. Хятад улсад гэхэд хар тамхи худалдан борлуулсан тохиолдолд шууд цаазаар авах ял шийтгэлтэй байдаг шүү дээ. Манайд хэрэгжиж байгаа ялын бодлого ийм хөнгөн учраас гэмт этгээдүүд айхгүй байна. Тиймээс хар тамхи худалдан борлуулсан этгээдүүдэд чиглэх ялын бодлогыг чангатгах шаардлагатай.

-Донтолтоос ангижруулах олон улсын стандарт эмчилгээ манай улсад байна уу?

-Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүс СЭМҮТ-д 10 хоногийн хордлого тайлах эмчилгээнд ордог. Олон улсын жишгээр бол хамгийн багадаа зургаан сарын хугацаатай д онтолтоос салах эмчилгээнд хамрагдах хэрэгтэй байдаг. Гэхдээ манай улсад олон улсын стандартад нийцэх эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх газар алга. Энэ салбарт хийгдэж буй санхүүжилт нь бага. Хар тамхинаас үүдэлтэй шарталт нь мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар архины шарталтаас 60 дахин илүү өвдөлттэй байдаг гэсэн. Хэрэглэгч болчихсон нэгэн хүүгийн ээж ярихдаа “Хар тамхины тунгаа хэтрүүлээд эмнэлэгт манай хүү өвчиндөө шаналаад үхэх дээрээ тулаад хэвтэж байсан. Эмчийн зөвлөснөөр нэг удаагийн тунг нь хэрэглүүлж тэр их өвдөлтөөс нь зайлшгүй салгах шаардлагатай байсан” гэж байлаа. Нийгэмд ил харагдахгүй ч ийм хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулсан гэр бүлүүд байна.

-Яагаад өсвөр үеийнхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна вэ?

-Эцэг эхчүүд хар тамхийг зөвхөн цүнх дүүрэн мөнгөөр төсөөлөөд байна. Хар тамхийг ямар ч хүн аваад хэрэглэх боломжтой болчихсон шүү. Ажилтай, ажилгүй байх нь ямарч хамаагүй. Мөнгөтэй нь үнэтэй хар тамхийг, мөнгөгүй нь хямдханыг нь хэрэглэчихдэг болсон. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах ёстой байна. Таны хүүхэд хэнтэй найзалж нөхөрлөж байна, ямар хүнээс үлгэр дуурайл авч байгааг нь хүртэл мэдэж байхад илүүдэхгүй. Урлаг соёлын зарим хүмүүс маш буруу үлгэр дуурайл болж байна. Хар тамхи худалдаалдаг хамгийн том бүс болчихсон Нью-Йорк хотод таны хүүхэд очлоо гэхэд хар тамхинд “үгүй” гэж хэлж чадах дархлаатай болсон байх хэрэгтэй юм.

-Үр хүүхдээ хар тамхинаас хол байлгахын тулд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?

-Япончууд гэхэд хүүхдийг маш хөдөлмөрч хүн болгож өсгөхөд анхаардаг шүү дээ. Хөдөлмөрч хүнд тийм муухай хорт зуршилд зориулах цаг зав, хэрэглэх сэдэл ч төрөхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ дугуйлан, дамжаанд хамруулах, амьдралын зорилготой болгох хэрэгтэй байна. Гэрээсээ гараад чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрөөх газартай байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ төрлийн гэмт хэргийн хохирогч, хэрэглэгч болж дуусах аюултай.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Irgen [202.55.188.83] 2024-06-30 20:45:46

Har tamhichin.bas 44 ih naydaar n iddeg 77 hulgaichaa shorond hiigeech.Shal hudlaa yriad bh uom.

Л БАРЯ [66.181.183.17] 2024-06-30 09:57:18

ХУУЛИЙН УЛСУУД ДУТУУ ХАГАС БОДОЖ ОЛСОН ХУУЛЬ ХЭМЭЭХ ЗҮЙЛЭЭР Л БҮГДИЙГ БОЛГОНО ГЭЖ БОДОХ ЮМ. ГЭТЭЛ АМДЬРАЛ ТЭРНЭЭС ЧИНЬ ХАМААГҮЙ БАЯН БАЙХГҮЙ ЮУ. ХАР ТАМХИ БОЛ НИЙГМИЙН БОХИРДЛЫН НЭГ ХЭСЭГ Л ЮМ. ТҮҮНИЙГ ЯАЖ ЦЭВЭРЛЭХ ВЭ ГЭДЭГ ЧИНЬ ШААЛ ТУСДАА АСУУДАЛ

З [202.9.40.160] 2024-06-29 11:22:59

Зөвшдэээ нам дагасан өлөн бас авилга луйварчин хулгааачуудад бас ждү нүүрс ногоон автобусны бузруудыг

Мэдээлэл [178.20.55.182] 2024-06-28 17:22:04

Франц улсад суугаа Монголын элчингийн хүмүүс хар тамхины наймаатай шууд холбоотой. Энэ хүмүүсийг шалгаад өгөх хүн байна уу? Очих болгонд ямар нэг юм үнэртүүлсэн сууж байх юм яршигтай юм.

Зочин [202.9.46.0] 2024-06-28 13:44:46

Ардчилсан америк улсад хар тамхи худалдах хэрэглэхийг хуулиар хүлээн зөвшөөрсөн байна. Америк иргэдээ хар тамхинд живүүлж байгаа дүр эсгэсэн хуурамч ардчилал сөнөтүгэй.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.