Сөүл хотын захиргааны урд осол гарч, 9 хүн амь насаа алджээ
Өчигдөр орой Сөүл хотын захиргааны урд осол гарч, 9 хүн амь насаа алдлаа. Хэргийг тодруулбал "Женнисис" маркийн машин урсгал сөрж, маш хурдтай давхин явган хүний зам дээр байсан иргэдийг дайрчээ. Үүний улмаас 6 хүн газар дээрээ нас барж, 3 хүн зүрх нь зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ч тусламж авч чадалгүй нас баржээ. Одоогоор хэргийг тодруулахаар ажиллаж байна. Жолоочийн хувьд хавирга нь хугарч, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа учир эхлээд эмнэлгийн тусламж авсны дараагаар байцаана хэмээж байна. Жолооч хар тамхи, согтууруулах ундаа хэрэглээгүй нь тогтоогдсон.
Тэрбээр 68 настай, том автобусны жолооч бөгөөд олон жил жолоо барьсан туршлагатай юм байна. Мэргэжилтнүүд машин удирдлагаа алдсан байж болзошгүй гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлж байгаа аж. Нас барсан иргэдийн хувьд 4 нь нэг банкинд хамт ажилладаг бөгөөд нэг нь албан тушаал дэвшсэнийг тэмдэглэн оройн хоол идэхээр явж байжээ. Харин хоёр хүн нь Сөүл хотын захиргаанд ажилладаг гэсэн мэдээлэл байна.
"Монголын мэдээ" сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд
Сэтгэгдэл