Их Британид парламентын сонгууль болно
Их Британийн парламентын Нийтийн танхимын сонгууль пүрэв гарагт буюу өнөөдөр болно. Парламентын доод танхимын 650 суудлын төлөөх сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд олонхын суудал авсан нам засгийн газрыг байгуулах эрхтэй болно. Их Британийн Ерөнхий сайд, Консерватив намын дарга Риши Сунак ээлжит бус сонгууль явуулахаа тавдугаар сарын 22-нд зарласнаас хойш олон нийтийн дунд явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд сөрөг хүчний Лейборист нам ялах төлөвтэй байна.
Энэ удаагийн сонгуулиар лейбористууд 431 суудал (2019 онд болсон сонгуулиас 229-өөр илүү) авах төлөвтэй байгааг "YouGov" социологийн компаниас явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Хэрэв ийм тооны суудлыг авч чадвал 1997 оны сонгуулиар 419 суудал авч, намаа ялалт хүргэж байсан Тони Блэйрийн амжилтыг давах болно.
Их Британи нь тойрогтоо хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялсанд тооцдог мажоритар сонгуулийн тогтолцоотой. Энэ нь уламжлалт намуудад давуу талыг олгодог. Саналын хуудсуудыг долоодугаар сарын 5-ны өглөө гэхэд тоолж дууссан байх ёстой. Хэрэв лейбористууд ялбал 14 жилийн дараа дахин засгийн эрхэнд гарна.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл