Беларусь улс ШХАБ-д гишүүнээр элслээ

Aдмин / Гадаад мэдээ

Казахстаны нийслэл Астана хотод хоёр өдөр үргэлжилсэн Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний чуулган өчигдөр өндөрлөлөө. Чуулганы сүүлчийн өдөр Беларусь улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлсэн байна. ШХАБ бол 2001 онд Хятад, Оросын үүсгэн байгуулсан улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм.

Беларусийг элсүүлснээр тус байгууллага 10 гишүүнтэй болж байна. Эдгээр нь Хятад, Орос, Пакистан, Энэтхэг, Иран болон Туркменистанаас бусад хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн дөрвөн улс юм. Хамгийн сүүлд 2023 онд Иран улс ШХАБ-д элсэж байжээ. Беларусийн хувьд Украиныг эзлэн түрэмгийлэх дайны хамсаатан болсныхоо үр дүнд Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлээд байгаа. Тиймээс тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хувьд ШХАБ нь эдийн засаг, гадаад худалдаан дахь Оросын хэт хамаарлыг бууруулж, Хятадтай түншлэх нэг боломж юм.

Тэрбээр улс орноо ШХАБ-д гишүүнээр элсүүлэхийн тулд сүүлийн арав гаруй жил хөөцөлджээ. Астанагийн чуулганы эхний өдөр ШХАБ-ыг үүсгэн байгуулагчид болох БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар уулзсан юм. Энэ үеэр Путин ШХАБ-ыг “дэлхийн олон туйлт дэг журмыг байгуулах гол тулгууруудын нэг болох үүргээ амжилттай биелүүлж байгаа” гэж магтжээ.

Чуулганы хоёр дахь өдөр Ши Жиньпин гишүүн улс орнуудад “гаднын нөлөөг эсэргүүцэж, хөгжих эрхээ хамгаалах”-ыг уриалсан байна. Гэхдээ ШХАБ-ын 23 жилийн түүхийг Хятад, Оросын харилцааны хөгжил тодорхойлж ирсэн байдаг. Бусад гишүүн улсуудын хувьд ямар ач холбогдолтой нь төдийлөн мэдэгдэхгүй байгаа. Шүүмжлэгчид ШХАБ-ыг зөвхөн газар зүйн хувьд хүрээгээ тэлэхэд голлон анхаарч, бусад зорилгоо умартсан гэж үздэг. “Тус байгууллага өнөөдрийг хүртэл хэн болох, цаашдаа хэн байхаа тодорхойлохыг хичээсээр байна” гэж Берлин дэх “Carnegie Russia Eurasia Center” байгууллагын судлаач Темур Умаров дүгнэжээ.

Эх сурвалж: IKON.MN


Сэтгэгдэл

Бус нутгаасаа хөндийрч, зайлж байнадоо, Монгол Улс. [66.181.160.73] 2024-07-05 10:38:42

12 хүн байна. Ингээд л Монгол байдаггүй юм ш дээ. Очиж Жанжинд гомдоллоноо. Кх!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.