Францын парламентын сонгуульд зүүний эвсэл ялжээ
Францын Үндэсний ассамблейн (парламентын доод танхим) сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт ням гарагт боллоо. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Эммануэл Макрон ээлжит бус сонгууль зарласны дараа байгуулагдсан зүүний намуудын “Шинэ ардын фронт” эвсэл хамгийн олон суудал авсныг урьдчилсан дүн харуулжээ.
Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд тус эвсэл 184-186 суудал авах нь тодорхой болоод байгаа бол хоёрдугаарт Э.Макроны төвийн үзэл баримтлалтай “Хамтдаа” эвсэл, гуравдугаарт Марин ле Пений хэт барууны үзэлт “Үндэсний нэгдэл” нам орсон байна. Энэ удаагийн сонгуулиар улс төрийн нэг ч хүчин Үндэсний ассамблейд олонх (289 суудал) болж чадсангүй.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон сонгуулийн дүнгийн талаар олон нийтэд тайлбар хийгээгүй хэдий ч Ерөнхий сайд Габриэль Аттал албан тушаалаасаа огцрохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Э.Макрон түүний төвийн хүчнүүдийн эвсэл Европын парламентын сонгуульд ялагдал хүлээсний дараа парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарласан бөгөөд эхний шатны сонгууль зургаадугаар сарын 30-нд болсон юм.
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл