Тяньжинд үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах тал дээр хамтран ажиллаж байна

Aдмин / Эдийн засаг

БНХАУ-ын Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын тээврийн чингэлгийн дийлэнх хэсэг бууж тээвэрлэгддэг. Тодруулбал, тухайн боомтод сард 3000-4000 чингэлэг буудаг байна.



Монгол Улс, БНХАУ-ын хоорондох төмөр замын тухай болон боомтын хэлэлцээрийн дагуу чингэлгүүдийг Тяньжинээс өдөрт хоёр галт тэргээр Монгол Улс руу авч байв. Гэвч дээрх тооны галт тэргийн тоо буурсаар байгаа талаар Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга өнгөрсөн сард мэдээлсэн юм.



Дээрх байдлаас үүдэн БНХАУ-ын Тяньжин боомтод Монгол Улсын импортын ачааны чингэлгүүд 85-90 хонож хил гарч байгаа талаар мэдээлж байна. Тус боомтод 2024 оны зургаадугаар сард 5450 чингэлэг гацжээ. Үүнийг шийдвэрлэхийн тулд холбогдох байгууллагууд ажлын хэсэг гарган ажиллаж байна. Тодруулбал, Монгол Улс, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг шуурхай арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо.





МҮХАҮТ-ын удирдлага, БНХАУ-ын Худалдааны яамны харьяа, Олон улсын худалдааг дэмжих хорооны удирдлагатай Бээжин хотод уулзах үеэр талууд энэ талаар ярилцаж тохиролцжээ.



Тяньжинд бөөгнөрсөн импортын чингэлэг тээврийг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна гэв.


Монголын Тээвэр зуучлалын нэгдсэн холбооны мэдээллээр энэ оны долдугаар сарын 1-9-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 11 галт тэрэг гарчээ. Авто замаар тээвэрлэх ачааг шалгаж, лацаддаг талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллага ажиллаж байгаа аж.




Тяньжин нь БНХАУ-ын Хойд Хятадын тээвэр, ложистикийн хамгийн том төв бөгөөд дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой худалдаа хийдэг, ачаа бараа солилцдог боомт юм.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ


Сэтгэгдэл

Иргэн [139.5.216.157] 2024-07-18 21:10:58

90 байтугай 180 хонож байгаа байх. Жилийн жилд л ингэж арчаагүй царайлж байх юм даа!!!

Zochin [202.126.91.138] 2024-07-18 16:27:50

Жил болгон л энэ асуудал үүсдэг болоод удлаа. Нэг тийш шийдэж хэвийн болгох тал дээр түлхүү ажилламаар байна.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.