Сингапур нь Монголын компаниудыг Зүүн өмнөд Азид гарахад хөрөнгө оруулж байна
Монгол-Сингапурын хоорондын бизнесийн харилцаа, холбоо, хамтын ажиллагаа голчлон хөрөнгө оруулалтад тулгуурлаж байна.
Монголын компани, ААН-үүд Зүүн өмнө Азийн зах зээлд гарахад Сингапур нь нэг ёсны үүд хаалга болж байгаа юм. Ингэхдээ Сингапурын талаас зүгээр нэг хөрөнгө оруулахгүйгээр Монголын компани, ААН-үүдийг Зүүн өмнө Азийн зах зээлд гарахад нь менежмент хийж, бизнесийн түнш болоход туслан сургаж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааны гол хөшүүрэг болж буйг МҮХАҮТ-д хоёр өдөр болсон Монгол-Сингапурын бизнес форумоор хэлэлцэв.
Тиймээс уулзалтад бизнесийн шууд боломжийг ашиглан хөрөнгө оруулах, худалдааны чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаа компанийн төлөөлөл ирж оролцсон нь онцлогтой боллоо гэдгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын зөвлөх М.Билгүүндэмбэрэл тэмдэглэн хэлж байна.
Монгол-Сингапурын хоорондын бизнесийн харилцаа, холбоо, хамтын ажиллагаа голчлон хөрөнгө оруулалтад тулгуурлаж байна.
Тэрбээр, Монгол Улсын бизнес, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа Сингапурын Бизнесийн холбоогоор дамжиж буйг хэлллээ. Учир нь Сингапурт үйл ажиллагаа явуулдаг ихэнх бизнесийн компани тухайн холбоонд бүртгэлтэй, бизнесийн бүхий л харилцаа, холбоо тус байгууллагаар дамждаг, нэг ёсны нэг цонхны бодлого барьж ажилладаг тул Монгол Улс тус холбоогоор дамжуулан бизнес, худалдаа, эдийн засгаар харилцах нь цаашдаа олон боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.
Хоёр талын хооронд бизнесийн харилцаа, хамтын ажиллагаа ямар чиглэлээр, аль салбарт түлхүү хөгжиж байгааг тодруулахад, Монгол-Сингапурын хооронд тогтвортой хөгжил, барилга төлөвлөлт, тээвэр-ложистик, эрчим хүч зэрэг томоохон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжих боломжтой. Мөн Сингапурын хөгжлийн туршлагыг нутагшуулах зэргээр олон талын харилцаа хөгжинө. Түүнчлэн эрүүл мэнд, эм зүй, хүнсний үйлдвэрлэл, хөрсний нөхөн сэргээлт зэрэг 10 гаруй чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэнэ гэв.
Одоогийн байдлаар Монгол-Сингапур нь уул уурхай, боловсрол, үйлчилгээний салбар, хүний нөөцийг хөгжүүлэх, төрийн албан хаагчдыг мэргэшүүлж, чадавхийг бэхжүүлэхэд хамтран ажиллаж байна. Монгол Улсад Сингапурын хөрөнгө оруулалттай 30 орчим компани байгаагийн ихэнх нь худалдаа, нийтийн хоолны салбарт, мөн геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, банк, санхүүгийн салбарт харьяалагдаж байна.
Монгол Улсаас Бүгд найрамдах Сингапур Улсад суугаа ЭСЯ, “Либерти Поувер” компани хамтран зохион байгуулсан хоёр талын бизнес уулзалтад Сингапурын 20 гаруй компаний төлөөлөл, Монгол Улсаас 40 гаруй компани, ААН-ийнхэн оролцлоо.
Сэтгэгдэл