“Намрын ногоон өдрүүд-2024” үзэсгэлэн худалдаа эхэллээ
Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2024” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болж буй эл үзэсгэлэнд 21 аймгаас шалгарсан брэнд бүтээгдэхүүнийг дэлгэснээс гадна үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид шинэ, содон бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд дэлгэлээ. Үүнээс гадна газар тариалан эрхлэгчид намрын ургацынхаа дээжээр нийслэлчүүдийг дайлахаар Улаанбаатар хотод ирсэн байна.
Булганы Сайхан, Архангайн Хотонтын айраг, Говь-Алтай Суль болон Цулхирын гурил, Хэнтийн цөцгий, мойлтой тос, Баянхонгорын тэмээн тавхай ааруул, Ховдын тарвас, амтат гуа, Сэлэнгийн утсан загас, талх, Завханы зэрлэг жимс гээд шимтэй бүхнээ нийслэлчүүдэд өргөн барьж байна.
Энэ сарын 29-нийг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэнгийн үеэр баруун, зүүн, төв, хойд, хангай, говийн бүсийнхэн өдөрлөг зохион байгуулахын сацуу сонирхолтой дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл
зочин [103.57.92.232] 2024-09-24 14:33:41
Бараа бүтээгдэхүүнүүд нь их өндөр үнэтэй юм билээ. Худалдан авалт хийх гэхээр карт уншихгүй, зөвхөн бэлэн мөнгөөр худалдаа хийх юм билээ. Багахан хэсэг нь ногоо бөгөөд бусад нь нөгөө л үнэтэй Монгол бараа, зарим нь ч мэдэхгүй ээ. Эрүүл ахуйн байдал хэрхэн хангагдаж байгаа нь ойлгомжгүй, бараа бүтээгдэхүүнүүд нь эх сурвалжийн гэрчилгээтэй эсэх, эрүүл эсэх гээд зөндөө олон асуудалтай санагдсан.