Нийслэлийн Засаг дарга 2024-2028 онд метро, дүүжин тээвэр зэрэг 12 төсөл хэрэгжүүлнэ
НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, хурлын төлөөлөгчдийн 66.7 хувийн саналаар батлав.
Хөтөлбөрийн үндсэн бодлого агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн бөгөөд Улаанбаатар "20 минутын хот" үзэл баримтлалын дагуу иргэд өөрийн оршин суух газраасаа 20 минутын зайд нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. Хөтөлбөрийн төсөл нь агуулгын хувьд 5 бодлого, 25 зорилго, 220 зорилт, хүрэх үр дүнг тодорхойлсон байна. Үүнд,
Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 69 зорилт
Хүний хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 38 зорилт
Эдийн засгийн бодлогын хүрээнд 5 зорилго, 12 зорилт
Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд 5 зорилго, 23 зорилт
Засаглалын бодлогын хүрээнд 5 зорилго, 42 зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн хөтөлбөрт тусгасан бодлогын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй томоохон 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. Тухайлбал,
-Толгойтоос Амгалан хүртэл Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро" төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.
-Яармагаас Хархорин хүртэл Туул гол дээгүүр 4.2 км урт “Агаарын дүүжин замын тээвэр” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.
-"Шинэ тойрог зам", “Туулын хурдны авто зам” барих төслүүдийг эхлүүлнэ.
-Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулна.
-Дулааны II, III цахилгааны станцыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж, эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
-Цахилгаан эрчим хүчний эх үүсвэр Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 600 МВт болгон өргөтгөнө.
-Багануур дүүрэгт 50 МВт буюу 200 МВт/цаг батарей хуримтлуурын станц барих бүтээн байгуулалтын ажлыг дуусгана.
-Лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулна.
-Хог шатаах 20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж тусгажээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [203.164.246.3] 2024-11-16 14:25:50
28 оноос наана хийж болохгүй Яагаад гэвэл сонгууль болохгүй