Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлсан ч удахгүй дэвжээгээ өвлөн авна
Японы сүмогийн холбоо баасан гарагт “Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 10 түрүүлсэн, монгол гаралтай, 33 настай ёкозүна Тэрүнофүжи зодог тайлна” гэж мэдэгдэв.
Хоёр өвдөгний бэртэл болон чихрийн шижин өвчинтэй Тэрүнофүжи өнгөрсөн жил зургаан их башёгийн ердөө хоёрт нь л бүрэн оролцжээ. Тэрбээр 2021 оны долдугаар сард ёкозүна цол хүртсэнээсээ хойш 21 башёгоос 13-ыг нь өнжсөн байна.
Тэрүнофүжийн хувьд Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нарын дараа Монголоос төрсөн тав дахь ёкозүна юм. Тэрбээр 2021 онд Хакүхог зодог тайлснаас хойш сүмогийн замналаа орхиж буй анхны ёкозүна болж байна. Гэвч Японы иргэншилтэй болсон тул Тэрүнофүжи зодог тайлсныхаа дараа дэвжээгээ өвлөн авах юм.
Түүний хувьд башё өнжсөний эцэст дэвжээнээ эргэн ирсэн ч өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригт Хацү башёгийн хоёр дахь ялагдлаа амсаж, Пүрэв гаригаас эхлэн барилдах боломжгүйгээ мэдэгдсэн. Тэрбээр шинэ оны эхний, замналынхаа сүүлийн башёг 2-3 гэсэн амжилттай өндөрлүүлэв.
Баасан гарагт Токиод болсон хэвлэлийн бага хурлын үеэр Тэрүнофүжи “Арван дөрвөн жил... энэ бол сүмогийн гайхалтай амьдрал байлаа. Би энэ удаагийн тэмцээнд хүсэн хүлээж байсан барилдаанаа хийх боломжгүй боллоо" хэмээн хэлжээ.
Тэрүнофүжигийн сүмогийн амьдрал амжилт, уналтаар дүүрэн байсан бөгөөд түүний няцашгүй тэмцэгч чанар олон хүнд урам зориг өгсөн.
Тэрбээр ёкозүна цол хүртсэнийхээ дараа "Би илүү их амжилт гаргахыг хүсэж байна" гэж хэлж байв. Гэвч тэр хоёр өвдгөндөө хагалгаа хийлгэж, мөн нуруундаа хүнд бэртэл авсан юм.
Түүний анхны Магакигийн дэвжээ хаагдаж, ёкозүна Харүмафүжигийн байсан Исэгахама дэвжээнд шилжин ирснээр карьерт нь огцом өөрчлөлт гарсан.
Хүнд бэлтгэл сургуулилтууд Тэрүнофүжиг уйлуулж байсан ч авьяасыг нь хөгжүүлж, амжилтад хүрэх шинэ замыг нээж өгчээ.
Тэрбээр 2015 онд анхны тэмцээндээ түрүүлсний дараа Хэйсэй эрин (1989-2019)-д төрсөн анхны озэки болсон бөгөөд хүн бүр “Түүний хувьд ёкозүна цолд хүрэх нь цаг хугацааны асуудал” гэж бодож байв.
Тэрүнофүжи эелдэг, ярилцахад төвөггүй ч ихэмсэг харагдах тохиолдол гарч байжээ. Нэгэн дэвжээнд харъяалагддаг, түүний туслахаар ажиллаж байсан Шунба гэгддэг сүмогийн аварга асан Шүжи Накайта “Тэрүнофүжи өөрийгөө ялагдашгүй гэж үздэг байсан” хэмээн дурсчээ.
Накайта “Тэр үед Тэрүнофүжи "Би юу ч байсан ялж чадна, тэр ч байтугай бааранд ороход ч ялж чадна" гэж тэр хэлсэн. Гэвч удалгүй түүний карьер улам дордсон. Тэрүнофүжи баруун өвдгөө, дараа нь зүүн өвдгөө гэмтээсэн. Улмаар чансаа нь доошилсон. Бид хичнээн хичээсэн ч тэр сэтгэлийн хямралаас гарч чадаагүй" гэж хэлжээ.
Тэрүнофүжи дэвжээний эзнээсээ олон удаа зодог тайлах зөвшөөрөл авахыг хүссэн аж. Тэр жонидан хүртэл зиндаа буурсан талаараа "Би бүх зүйлийг эерэгээр хүлээн авсан. Сүмогийн замналаа дахин эхлүүлэх хоёр дахь боломж гарч ирлээ гэж итгэсэн. Би үүнээс илүү амжилт гаргах байсан гэж бодохгүй байна. Магадгүй би төсөөлснөөсөө илүү ихийг хийчихсэн байх" гэжээ.
Тэрбээр "Би сүмогоос зодог тайлсандаа хэзээ ч харамсахүй. Би сүмогийн замналаа сэтгэл хангалуунаар өндөрлүүлэхийг хүсч байна" гэж хэлсэн байна.
Тэр сүмод бүх хүч анхаарлаа хандуулж, чансааг ахиулж, эцэст нь 73 дахь ёкозүна болж чадсан ч Хакухо зодог тайлсны дараа дээд зиндаанд ганцаарджээ.
Тэрүнофүжи 2021 оны наймдугаар сард Японы иргэншил авч, “сурсан мэдсэнээ хойч үедээ өвлүүлэх” боломжтой болсон байна.
Тэрбээр "Би бодож байсан шигээ барилдаж чадсангүй. Сэтгэл зүй, бие махбод маань бэлэн биш үед дэвжээнээ гарах ёсгүй гэж бодлоо. Эргээд харахад, сүмогийн үнэхээр гайхалтай замнал туулжээ” гэж хэлсэн байна.
2015 оны Нацү башёд анхны түрүүгээ авч, 2015 оны Нагоя башёд шинээр Озеки цол хүртсэн бөгөөд 2021 оны Аки башё хүртэл амжилттай барилдаж, Ёкозүна цол хүртсэн юм. Түүнчлэн Эзэн хааны цомыг 10 удаа хүртсэн түүнийг 2023 онд Монгол Улсын Гавъяат Тамирчин цолоор шагнаж байв.
Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлснээр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Мэргэжлийн сүмогийн дэвжээнээ 523 ялж, 275 ялагдаж, 231 барилдаан өнжжээ.
Хацү башёгийн нээлтийн өдөр комүсүби Вакатакакагэд ялагдсаныхаа Тэрүнофүжи зодог тайлах талаараа багшдаа хэлсэн байна. Тэрбээр "Нээлтийн өдөр ялагдсаныхаа дараа би багшдаа дахиад ганц л ялагдвал зодог тайлна гэдгээ хэлсэн" гэжээ.
Тэрүнофүжи бэртэл гэмтэл, өвчнөө ялан дийлж, 2020 оны долдугаар сар гэхэд эргэн дээд зиндаанд гарч ирсэн. Түүгээр ч зогсохгүй 2021 оны есдүгээр сард ёкозүна цол хүртсэн. Түүнийг аварга болсны дараа Хакүхо санаа амар зодог тайлсан түүхтэй.
Удахгүй дэвжээгээ өвлөн авах Тэрүнофүжи "Үндэсний спортын хувиар сүмо бол Японы ард түмний бахархлыг төрүүлэхийн тулд оршдог. Тиймээс шударга, сайхан байх ёстой. Би өөрийгөө хуурдаггүй, өөртөө ялагддаггүй бөхчүүд төрүүлмээр байна. Тийм бөхчүүд хүчтэй байх нь гарцаагүй" гэж хэлжээ.
Эх сурвалж: JAPAN TIMES, NHK
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Монгол [176.4.20.87] 2025-01-20 13:11:54
Монгол эр хүний гайхалтай тэвчээрийг Ган-Эрдэнэ үзүүлж чадсан шүү. Эрүүл мэнд чухал. Амжилт хүсье.