М.Дагва: Чухал ашигт малтмал гэдгийн цаана дэлхийн хэмжээнд тулгамдсан том асуудлын шийдэл яригдаж байна
Саудын Арабын Хаант улсын нийслэл Рияд хотноо “Future Minerals Forum” энэ сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд болсон. Энэ үеэр тус форумд оролцсон Монголын чухал ашигт малтмалын ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга М.Дагватай уулзаж, дэлхийн уул уурхайн салбарынхны онцолж, анхаарал хандуулж буй асуудлуудын талаарх санал бодлыг нь сонссоноо хүргэж байна.
-Саудын Арабын хаант улс 2022 оноос “Future Minerals Forum” зохион байгуулж эхэлжээ. Энэ удаагийн форумын ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Чухал ашигт малтмалын чиглэлд улс орнууд өөрсдийн бодлогоо тодорхойлж, ажлууд хийгдээд явж байна. Саудын Арабын хаант улс Засгийн газрууд, төрийн байгууллага, орон нутгийн болон олон улсын компаниудын хооронд 28.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 126 харилцан ойлголцлын санамж бичиг, хэлэлцээр хийсэн гэж мэдээллээ.
Тэгэхээр улс орнууд чухал ашигт малтмалд нэлээд ач холбогдол өгч байгаа нь илэрхий байна. Өмнө нь яриа төдий байсан асуудлууд өнөөдөр ажил хэрэг болж байгаа нь “Future Minerals Forum”-ийн үеэр зурагдсан гэрээ, санамж бичгүүдээр тод илэрч байна.
Саудын Арабын Хаант улс хоёр асуудал дээр нэлээд анхаарал хандуулж байгаа харагдсан. "Future Minerals Forum"-ийг 2022 онд зохион байгуулахад 3000 орчим хүн ирж байсан бол өнөө жил 20 мянга орчим хүн ирсэн байна.
Ингэж анхаарч байгаагийн цаана энэ бүс нутаг чухал ашигт малтмалын чиглэлд юу хийх гээд байгаа, цаашид юу болох вэ гэдэгт хөрөнгө оруулагчид, улс орнуудын Засгийн газрын анхаарлыг нэлээд татаж байна.
Хоёрт, энэ улс чухал ашигт малтмалын чиглэлд үлгэр жишээ ажиллаж байгаагаа харуулахын тулд олон ажил хийж, үр дүн гарч байгааг харуулж байна.
Хууль талын ажлуудаа нэлээд эрт, 2020-иод оны үед хийгдсэн. Чухал ашигт малтмалын чиглэлд Саудын Арабын хууль эрх зүйн орчин дэлхийн топ, хамгийн сайнд нь тооцогдож байна. Дээр нь улсаа бүхэлд хамарсан геофизикийн суурь судалгааг эхлүүлсэн бөгөөд гурав дахь жилдээ үргэлжилж байна.
Энэ судалгааг бүрэн дуусгахыг хүлээхгүйгээр явцын дунд илэрсэн үр дүнгүүд дээрээ ашигт малтмалын эрэл хайгуул хийх лиценз олгож байна. Дотоодын ч бай, гадаадын ч бай Саудын Арабын нутагт эрэл хайгуул хийгээд орд олчихвол хайгуулын зардлынх нь 70 хувийг өгнө гээд амалчихсан. Ямар ч хувь эзэмшихгүй, харин дараа нь бүтээгдэхүүн худалдан авна шүү гэдгээ илэрхийлж байна.
-Форумын үеэр Саудын Арабын Уул уурхайн сайд нь одоогоор зургаан компанид хайгуулын ажлаа гүйцээж хийх санхүүжилт олгосон гэж мэдээллээ?
-Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд суурь судалгаа нь хийгдэж, тендер нь зарлагдаж, цооногоо илрүүлж, ашигт малтмалаа олсон компани дор хаяж зургаа байгаа юм байна. Эдгээр ордыг ашиглалтад бэлдэж, Саудын Арабын Засгийн газар үргэлжлүүлэн хайгуул хийх мөнгийг нь амалснаараа өгсөн шүү гэдгийг хөрөнгө оруулагчдын өмнө хэлж байгаа нь өөрөө итгэл төрүүлж байна гэж харагдсан.
Саудын Араб хурал хийхдээ хоосон лоозон дэвшүүлэх биш зорьж байгаа зорилгынхоо төлөө Засгийн газрын түвшинд тууштай ажилладгийг дэлхий нийтийн өмнө харуулж байна.
-Энэ форум танай ассоциаци нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Бид юунаас суралцаж, юуг анхаарч ажиллах хэрэгтэй санагдав, ямар уулзалт, яриа хэлцлүүд хийсэн бэ?
-Дэлхий улс орнууд Critical Minerals гэдэг бол үнэхээр Critical асуудал гэж хандаж байгаа нь илэрхий байна. Дэлхий улс орнууд энэ чиглэлд нэлээд хурдтай ажиллаж байгааг анзаарахын зэрэгцээ манай улс ч чухал ашигт малтмалын салбарт хурдтай хөдлөх шаардлагатай байна гэдгээ ойлгож, ард иргэд нийгэмдээ зөв ойлгуулж, урагшлах л хэрэгтэй байна даа.
Ер нь манай улс чухал ашигт малтмалыг салбарын хэмжээнд авч үзэхгүй, ганц нэг ордын хэмжээнд ярих нь өөрөө асуудлыг хэт жижигрүүлж байна. Тухайн ордыг эсэргүүцэж буй иргэд, ажиллуулах гэж буй компанийн асуудал мэтээр хандаж боломгүй юм. Энэ нь өөрөө том асуудлыг жижиг болгон унагаж буй хэлбэр юм.
Гэтэл чухал ашигт малтмал гэдгийн цаана дэлхийн хэмжээнд тулгамдсан том асуудлын шийдэл яригдаж байна. Ийм л хэмжээнд улс төрчид нь, ард түмэн нь ойлголттой болсон байх шаардлагатай байна.
Ер нь бид, манай төрийн шийдвэр удаан, тэр нь нэлээд санаа зовоож байна. Гэхдээ төрийн гар харалгүйгээр хувийн хэвшилд ажиллаж байгаа бид өөрсдөө ямар дэмжлэг үзүүлж чадах билээ гэдэг талаас нь чухал ашигт малтмалын ассоциацийг байгуулаад гурав дахь жилдээ ажиллаж байна.
Манай ассоциацийн зүгээс чухал ашигт малтмалын чиглэлээр Монгол Улс доторх ойлголт, бодлогоо сайжруулах ажлуудыг тогтмол хийдэг. Дээр нь олон улсын хэмжээнд чухал ашигт малтмалын ханган нийлүүлэлтийн сүлжээнд оролцож байгаа талуудтай харилцаа холбоо тогтоож, хамтын ажиллагаа тогтоохыг зорьдог.
Энэ хүрээнд "Future Minerals Forum"-д оролцож байгаа компаниуд, төр засгийн төлөөллүүдтэй бололцооныхоо хэрээр уулзалтууд хийж, санамж бичиг байгуулах, хамтарч ажиллах талаар санаа оноогоо солилцож, дараа дараагийн уулзалтаа товлох зэрэг ажлуудыг хийж байна. Энэ удаагийн форумд манай ассоциациас долоон хүн оролцож, өөрсдийн хэмжээнд мэдлэг мэдээлэл, туршлага солилцон ажиллалаа.
-Монгол Улсад чухал ашигт малтмалын чиглэлд хөгжих суурь бүрдсэн үү?
-Монгол Улс маань дэлхийд 17-д орох хэмжээний том газар нутагтай, ашигт малтмалын потенциал сайнтай орон. Орос, Хятадын харилцаагаа давж гуравдагч орнуудтай харилцаж, тэдэнтэй шинэ салбарт харилцаа тогтоохын тулд юу хийх ёстойгоо тодорхойлж, түүнийхээ дагуу ажлуудаа хийвэл чухал ашигт малтмал хөгжих боломжтой гэж харж байна.
Дээр нь манай экспортын хамгийн гол түүхий эд болох нүүрс ногоон эдийн засгийн шилжилттэй холбоотойгоор хэрэглээ нь буурах төлөвтэй байна. Тиймээс бидний хувьд чухал ашигт малтмалын чиглэлээр эрэл хайгуул хийж, шинэ орлого олох боломжийг нээж, эдийн засгаа унагаахгүй явах нь чухал юм. Тэгэхээр Монгол Улс хүсэхгүй байсан ч чухал ашигт малтмалын чиглэлд ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалд байна.
Д.ТУЯА
Сэтгэгдэл