Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад оруулна гэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд баригдаж буй шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа.
Шинэ төв цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган метр.куб ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг стандартын түвшинд цэвэршүүлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулна гэж тооцжээ.
Түүнчлэн шинэ төв цэвэрлэх байгууламжтай уялдан Ус дахин боловсруулах үйлдвэрийг Мянганы сорилтын сангийн гэрээний хүрээнд барьж буй.
Хотын дарга Х.Нямбаатар "Тус үйлдвэр төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэсэн уснаас хоногт 50 мянган метр.кубыг дахин цэвэршүүлж, ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглана.
Улмаар жилд 14-18 сая метр.куб цэвэр ус хэмнэх ач холбогдолтой бөгөөд цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг дахин боловсруулж ашигласнаар газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахгүй байхад онцгой ач холбогдолтой.
Төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, ирэх наймдугаар сард ашиглалтад оруулах бол ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын явц 60 гаруй хувьтай хэрэгжиж байна.
Цаашид Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын лагийг хатаах, шатааж цэвэрлэх, үнэр, орчны бохирдлыг арилгах чиглэлээр үргэлжлүүлэн төслүүд хэрэгжинэ" гэж онцолжээ.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.131.234.123] 2025-01-27 12:50:13
нээхээр нь нээлтээнд ирсэн саадуудыг усанд нь үйж албал таарна