З.Энхболд: Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн гаргасан тушаалтай холбогдуулан намайг яллах гэж оролдож байна. Би энэ хүнийг танихгүй
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхд яг одоо үргэлжилж байна.
Шүүх хурлын үеэр З.Энхболд мэдүүлэг өгөв.
Тэрбээр, “Намайг нүүрсний хэргээр яллах гэж үзээд бүтээгүй. Энэ удаагийн хэрэг мөн 100 хувь улс төрийн хэрэг байна. Одоо намайг Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалангийн гаргасан тушаалтай холбогдуулан яллах гэж оролдоод байгаа. Гэхдээ энэ нөхөд хоёр удаа ноцтой алдаа гаргасан. Байхгүй угийг байгаа гэж маргасаар байгаад намайг хэрэгт холбогдуулсан. Бас намайг замын эрх авдаг компанитай хамаарал бүхий гэж яриад байдаг. Намайг яллаж байгаа энэ хоёр улсын яллагч, прокурорын ярьдаг зүйл фейсбүүк дээр үндэслэсэн байдаг. Сошиал дээр З.Энхболд зам авдаг гэж 10 жилийн турш бичсэн. Тэдгээрийг энэ н.Энх-Эрдэнэ гэдэг прокурор цаасан дээр буулгаад надад тулгаад байдаг. Чи яагаад ес хоногийн дотор хэрэг үүсгэв. Хэн чамд нөлөөлөв. Б.Энх-Амгалан бид хоёр анх шүүх хурал дээр л танилцаж байсан. Зам тээврийн сайдын хэрэгт холбогдоод байгаа тушаалыг гаргах үед намайг хамт байсан, очсон гэх мэдээлэл хаана ч байхгүй. Хуулийн байгууллага нэг ч баримт олоогүй. Би энэ хүнийг танихгүй. Нөлөөлөөгүй. Тэр зам авсан гэх компани нь надтай хамааралтай биш. Энэ хоёр улсын яллагдагчийн ярьж байгаа бүх юм худлаа. Хамаарал бүхий гээд ямар нэг холбоос гаргаад хоёр хүнийг холбоод авч ирээд суулгачихвал монголын бүх дарга нар шоронд орно" гэлээ.
Сэтгэгдэл