З.Энхболд: УИХ-ын 37 дугаар тогтоолоос эхлээд "Монголыг хөгжүүлэгч", "Хятадыг хөгжүүлэгч" гээд, бизнесүүд хоёр хуваагдсан

Aдмин / Хууль

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Шүүх хурал дээр З.Энхболд хэлэхдээ "Дэлгэц дээр 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн УИХ-ын 37 дугаар тогтоолоос эхлээд Монголыг хөгжүүлэгч, Хятадыг хөгжүүлэгч гээд бизнесүүд хоёр хуваагдсан, нийгэм ч алинд нь орохоо мэдэхгүй асуудлууд үүссэн юм.

2010 оны наадмын өмнө гарсан, С.Дэмбэрэл даргын гарын үсэгтэй. Би гишүүн байсан. Би нийтдээ гурван удаа УИХ-ын гишүүн байсан. Тэр үед Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд байсан байна. Энэ үед Тавантолгойн нүүрсний ордод ашиглах "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуул гэдэг үүрэг өгч байсан.

Энэ ямар учиртай вэ гэхээр, өмнө нь Тавантолгойн таван толгой тавуулаа хууль зөрчөөд, хувийн компанийн мэдэлд орчихсон байсныг аваад, нэг толгойг нь төлж, одоогийн “Энержи ресурс” Ухаахудагт үнэгүй өгөөд, үлдсэн дөрвөн толгой дээр нь "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулж, 50 хувиа Монголын үндэсний аж ахуй нэгжид эзэмшүүлж, хөрөнгийн биржээр арилжаалж, эхний ээлжид 20 хувийг үнэ төлбөргүй эзэмшүүлэх асуудал эхэлсэн.

Иргэдийн нэр дээр байдаг 1072 ширхэг хувьцаа эндээс эхэлж гарсан юм. Хувьцааны 20 хувийг биржээр худалдаалах, татвар төлсөн аж ахуйн нэгжүүдэд худалдах гээд. Одоогийн "Эрдэнэс Тавантолгой"-н 20 хувийг компаниуд болон тухайн үедээ нэг сая төгрөгөөр зарж байсан. Энд тэрнээс өмнө бүртгүүлсэн, татвар төлсөн аж ахуйн нэгжүүдэд гээд шаардлага нь байгаа юм.

Тогтоолын дөрөвдүгээр заалтаас миний сүүлийн гурав, дөрвөн жилийн турш ярьсан түүхийг дурдаж оруулж ирэхгүй бол болохгүй нь. Энэ бол Монгол Улс өөрөө мэдэж, хэн нэгэн хүнээс хамаарахгүйгээр Тавантолгойн нүүрсний ордын ашгийг ард иргэддээ хүртээх юм.

Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэж, үйлдвэр, зам, дэд бүтэц, барилга байгууламжийг барьж байгуулахад ашиглах олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглүүлэх нөхцөл болзлыг хэрэгжүүлэх" гээд.

Би санаж байна. Тухайн үед яг энэнтэй адилхан өгүүлбэрийг Оюутолгойн гэрээнд оруулж өгсөн. Тавантолгойн Засгийн газарт чиглэл болгож байгаа "Эрдэнэс Тавантолгой" гэдэг компани ийм байна шүү. Олборлолт нь ч монгол байна, тээвэрлэлт нь ч монгол байна. Бүтээгдэхүүнээ олон улсын жишгээр зарна, хамгийн түрүүнд Монгол Улсын иргэдээ ажилд авна.

Хамгийн түрүүнд дотоодод үйлдвэрлэсэн, тэр компани үйл ажиллагаандаа хэрэгтэй бүх бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авна гэдэг нөхцөлтэйгөөр Тавантолгойн тогтоолыг гаргаснаас хойш тэмцэл эхэлсэн.

Юу болсон гэхээр энэ дөрөвдүгээр заалтын эсрэг бүгдийг нь түүхийгээр нь урагшаа бушуухан зөөгөөд дуусгая гэдэг нэртэй, ард иргэд "Хуяа бүлэглэл" гээд нэрлэчихсэн энэ бүлэглэлүүд байгаа. Гишүүд ч, сайд нар ч байна, Энержи ресурс компани ч байна, жижиг Тавантолгой ч байна.

Ямар нэгэн боловсруулалт хийхгүйгээр хятад жолооч нар тээвэрлээд, Хятадын компани олборлолт хийгээд явж байсан. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд нэлээд олон юм өөрчлөгдсөн байна.

Манжийн дарлалд ордог сүүлийн 300 жилээс эхлээд монголчууд өөртөө итгэх итгэлгүй болж, урд хөршөө шүтэж, тэдний нөлөөн дор өөрсдөө юу ч хийдэггүй, бүх юмаа тэндээс авч амьдарсан.

Сүүлийн 76 жил 1990 оныг хүртэл Оросын нөлөөнд орсон. Яг адилхан байдалтай амьдарсан. Мэдээж хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байлгүй яах вэ. Гурав дахь хөрштэйгөө сайн харилцаатай байх нь Монгол Улсын албан ёсны гадаад бодлогод байгаа. Би тэрийг дэмждэг. Энэ хоёр маань Монгол Улсдаа, монголчуудтай түүхийн 1000 жилээр салахгүй холбоотой. Бид энэ хоёртойгоо найрсаг амьдамьдарна.

Гэхдээ энэ Тавантолгойн орд бол Монголын байгалийн баялаг, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангана. Хятад улсын иргэд биш. Дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ авна гэсэн заалтыг хэрэгжүүлдэг хэсгийг мояачууд гэж хоч өгчихдөг. Ингэхгүй бүгдийг түүхийгээр нь авч явна гэдгүүдийг хуяачууд гээд нэрлэчихсэн. Ийм л зүйл сүүлийн 15 жил явж байгаа юм.

Хуяачуудын дараагийн дайралт бол энэ. Ордоо монгол компани олборлоод, монгол жолооч явуулаад ашиглахын оронд тэр чигээр нь 100 жилээр Хятадын "Шин хуа", Монголын "MCS", "Энержи ресурс" команид үнэгүйгээр өгөхөөр оруулж ирснийг УИХ-ын 40 гишүүн эсэргүүцэж, дүгнэлт гаргаад зогсоосон байдаг.

Энэ мөчөөс эхлээд З.Энхболд гэдэг хүнийг дахиж төрд оруулж ирэх хэрэггүй. Биднийг Монголын баялгийг Хятад руу үнэгүй зөөхөд саад болж байгаа хүн байна. Тийм учраас 2016, 2020 оны сонгуульд унагаа. 2024 онд нэр дэвшүүлж болохгүй. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд бүр болохгүй гээд.

Надад ямар нэгэн сонгуульд сонгогдох, нэр дэвших зорилго байхгүй. Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай байдгийн жишээ нь Энх-Амгалан гишүүн, сайд бид хоёр ингээд зогсож байна. Одоо хувийнхаа юмыг хийх минь ээ. Энэ ерөөсөө бүтэхгүй системтэй болчихсон юм байна. Монголын төлөө ажилладаг хүмүүсийг сонгуулиар гаргахгүй байх систем ажиллаж байна.

Би захирамж гаргаж, УИХ-ын 10 гаруй гишүүнтэй Ажлын хэсэг томилоод, 2015 оны долдугаар сарын 2-нд ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Эрдэнэчимэг гишүүний ахалсан ажлын хэсэг. Энэ ажлын хэсгийн дүгнэлт 70, 80 хуудастай. Түүнийг би бүгдийг нь ярихгүй.

Яагаад энэ гэрээг "Шин хау", "MCS"-д үнэгүй өгч болохгүй вэ гэдгийн бүх тооцоо судалгаа энд байна. Манай УИх Элбэгдорж, Сайханбилэгийн хүссэнээр Шин хуа, Энержи-д өгөөгүй. “Эрдэнэт” үйлдвэрийг мөн Худалдаа хөгжлийн банканд өгөөгүй юм. 2012-2016 оны УИХ-ын гаргасан хоёр чухал шийдвэр энэ байгаа юм.

Энэ Тавантолгой, Эрдэнэт гэсэн хоёр компани өнөөдөр Монголыг тэжээж байна. Би тооцоо судалгаагүй юм ярьдаггүй"гэв.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.56] 2025-02-05 14:09:22

хужаа нарт өгөх яриа хэлэлцээр япончуудад өгөх нэрээр мсм байсан шүү дээ харин өөрөө битгий залаад багаарай

Иргэн [192.82.66.210] 2025-02-05 13:26:31

МАНизм байгаа цагт хэцуу л дээ

Дэмчиг [59.153.114.98] 2025-02-05 13:23:46

Худлаа попорогчидад ичих нүүр алга уу. Тухайн үед Монгол Япон Хятад гэсэн гурван улсын консерцюм байгуулаад Таван толгойн нүүрс олборлох асуудал яригдаж байсан юм. Харин ганц Хятадад өгөх ямарч яриа байгаагүй. Гэрчүүд болон уг үйлд оролцогчид бүгд амьд сэрүүн байцгаана.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.