Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2025.03.17) 10 цаг 00 минутад 74 гишүүн буюу 58.7 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Чуулганы нээлтэд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлагууд зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцсон юм.
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганыг нээж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. /УИХ-ын даргын хэлсэн үг бүрэн эхээрээ /
Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын гишүүд завсарлагын хугацаанд иргэд, байгууллагуудтай нүүр тулан уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж асуудлын гүн рүү орж, санаа оноогоо хуваалцаад ирсэн нь энэ хаврын чуулганы хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцүүлэг ажил хэрэгч, бүтээлч өрнөхөд нөлөөлөх нь гарцаагүй. Чуулганы завсарлагын хугацаанд миний бие Улсын Их Хурлын гишүүдийн хамтаар хангай, баруун, төвийн, зүүн, говийн бүсийн аймгуудад ажиллаж малчид, хоршоологчид, худалдаа, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, хуульчид, ахлах ангийн сурагчдын төлөөлөл зэрэг 25 мянга гаруй иргэдтэй уулзлаа. Иргэд биднээс бүрэн эрхийн хүрээ хязгаар, боломжоос хальж давсан зүйлийг хүсэхээс илүүтэй парламент нь парламент шиг ажиллахыг хэлж, сануулж байсныг онцлон тэмдэглэв.
Мөн иргэдээ ажил, орлоготой байлгах, үр хүүхдүүдээ орчин нөхцөл хангагдсан сургууль, цэцэрлэгт хамрагдуулах, эрүүл мэндийн үйлчилгээ ойр байх, зам харгуй, дэд бүтцийг хөгжүүлэх гээд наад захын амин чухал зүйлсийг хөндөн үгээ дайж байна. Энэ бол Та бидний баталж буй хуулиуд иргэдийн амьдралын чанарыг ахиулахад чиглэх ёстой гэсэн үг гэлээ.
Хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгмийн өмнө тулгамдсан асуудлын нөхцөл, шалтгааныг нарийвчлан авч үзэж, ул үндэстэй шийдвэрлэх асуудлууд шилээ даран хүлээж буйг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглээд, юун түрүүнд Улсын Их Хурал мега төслүүд хэрэгжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй гэлээ. Мөн хүн төвтэй хууль зүйн бодлогын суурь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тавигдах ёстойг дурдахын зэрэгцээ зах зээлийн шударга өрсөлдөөн, эдийн засгийн тэлэлтийн эрх зүйн орчныг дэмжих хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхэд анхаарал хандуулна гэж байлаа.
Улс орны эдийн засагт дунд болон урт хугацаандаа эерэг өөрчлөлт авчрах бодлогын зоримог шийдлүүд, том төслүүд, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх үр дагаврыг өнөөдрийн үүсээд байгаа гадаад орчны нөхцөл байдалтай уялдуулж, эдийн засагт дарамт болохгүйгээр, ард иргэдийн амжиргаанд ахицтай байхыг зорьж ажиллахыг Засгийн газраас шаардах, биелэлтэд анхаарч ажиллах нь Улсын Их Хурлын үүрэг гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэв.
2024 оны жилийн эцсээр эдийн засгийн өсөлт 4.9, инфляц 9.2, төсвийн тэнцэл хасах 1 хувьтай, төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрсэн байлаа. Харин энэ оны хоёрдугаар сарын эцсээр инфляц 9.6 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 294 сая ам.долларын ашигтай, гадаад валютын нөөц 4.4 тэрбум ам.доллар буюу валютын төлбөртэй барааны 4.5 орчим сарын импортыг хангах түвшинд хүрсэн. Экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас өндөр хувиар буурч, нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38.9 хувиар бага төвлөрч, төсвийн тэнцэл 493 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. 2024 оны нэгдүгээр сард төсөв 676 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Иймд цаашид сэргэж байсан эдийн засгийн идэвхжилийг хадгалах нь үүсээд байгаа орчин нөхцөлд юу юунаас илүү чухал болоод байна. Гадаад орчны хүчин зүйлсээс нөхцөлдсөн, эмзэг байдлаас гарахын тулд дотоод эдийн засгийн бүтцийг өөрчилж, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй. Ингэхдээ ирээдүйд улс орны эдийн засгийг олон суурьт, илүү төрөлжсөн бүтэц рүү шилжихэд хэрэгтэй арга хэмжээнүүдийг, тэр дотроо бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцийн хөрөнгө оруулалтуудыг хэрхэвч орхигдуулж болохгүйг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүдийн үр дүнтэй оролцоо, ирцийг сайжруулах шаардлагатай байгааг иргэд, сонгогчид хатуу шүүмжилж байна. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон гишүүд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх ёстойг Улсын Их Хурлын дарга онцлоод гишүүдийн ирцийг тогтмол мэдээлж, иргэд сонгогчидтой эргэх холбоог сайжруулах ажил, арга хэмжээг дэмжиж ажиллахаа мэдэгдэв.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгийнхээ төгсгөлд, хаврын чуулганаар хийх ажил, хэлэлцэх асуудлын дийлэнх хэсгийг хууль тогтоомжийг судалж, боловсронгуй болгох, хянан шалгах зэрэг тодорхой асуудлаар Улсын Их Хурлаас байгуулагдан ажиллаж байгаа ажлын хэсгүүдийн судалж, боловсруулсан хууль тогтоомжийн төсөл, бүрдүүлэх тул ажлаа эрчимжүүлж, тогтоосон хугацаанд холбогдох баримт бичиг, шийдвэрийн төслөө танилцуулж ажиллахыг тусгайлан анхаарууллаа.
Ийнхүү Улсын Их Хурлын дарга үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэв. Үргэлжлүүлэн холбогдох хуульд заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээллийг сонсож байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл