О.Цогтгэрэл: Эрх баригчдын олон жилийн алдаа өнөөдөр гарч ирж, дефолт болоход ойрхон байна

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр (2025.03.24)-ийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн хуралдаан дээр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр нар гадаад эдийн засгийн нөхцөл байдлын талаар, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Ноорог” медиатай холбогдон үүссэн асуудлаар тус тус мэдээлэл хийжээ.

"АРДЧИЛСАН НАМ ЦӨӨНХ МӨРТЛӨӨ ЗАСГИЙН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ АРДЧИЛАЛ ХЭВРЭГШИХ ГОЛ ТҮЛХҮҮР БОЛЖ БАЙГААГ ҮГҮЙСГЭХГҮЙ"

Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Сүүлийн зургаан жилийн хугацаанд хэт тэлэлттэй төсөв баталсан. Зөвхөн уул уурхайн бараа бүтээгдэхүүний өсөлттэйгөөр ингэж өөдрөг төсөөлсөн. Эрх баригчдын олон жилийн алдаа өнөөдөр гарч ирж байна. Манай улсад дефолт болоход ойрхон байна.

Ерөнхий сайд валютын нөөцийг нэмэгдүүл гэж даалгавар өгсөн байна лээ. Даалгавраар валют нэмэгдчихдэггүй.

Засгийн газар 11 сард асар их нүүрсийг өндөр үнээр зарна гээд ярьж байсан бол одоо нүүрсээ хямд үнээр ч зарж чадахгүй байна. Гэтэл МАН-ын бүлэг төсөв тодотгохгүй гээд сууж байна. Төсвийг яаралтай тодотгох шаардлагатай. Төсвөө одоо л тодотгохгүй бол худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой олон асуудал шүүх дээр очно.

Ч.Лодойсамбууг УИХ-ын гишүүний хувиар санал гаргасных нь төлөө эрх баригчид зохион байгуулалттайгаар хувь, хувьсгалын орон зай руу нь халдсан. Амьдардаг орон байрыг нь хүртэл яагаад мөрдөж байгаа хэрэг вэ. Энэ бол ардчиллаас ухарч буй орон гэж дүгнэхэд хүргэж буй ганцхан жишээ юм. Ардчилсан нам цөөнх мөртлөө Засгийн газарт ажиллаж байгаа нь ардчилал хэврэгших гол түлхүүр болж байгааг үгүйсгэхгүй.

"ТАТВАРЫН ДАРАМТЫГ БАГАСГАХ, ЭДИЙН ЗАСГИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ САНААЧЛАГА ГАРГАХ ДЭЭР САНАЛ НЭГДЛЭЭ"

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН:

-Энэ хавар эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч магадгүй гэдэг асуудал яригдаж байгаа учраас бизнесийн орчныг сайруулах чиглэлээр хийж байгаа асуудлын талаар бүлэг хэлэлцлээ.

Инфляци өсч байгаа шалтгаан, төсвийн орлого буурч байгаа талаар бүлгийн гишүүдэд холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө. Инфляци энэ оны хоёрдугаар сард 9.6 хувь болсон. Төсвийн орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 23 хувиар буурсан байна.

Эдийн засаг хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл дээр тодорхой саналыг бэлэн болгосон байна.

Мөн бүлгээс Татварын багц хуулийн төсөл дээр ажлын хэсэг байгуулж ажиллах шийдвэр гаргалаа. Татварын дарамтыг багасгах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр санал санаачлага гаргах дээр санал нэгдлээ.

Үүнээс гадна Ардчилсан намын маш чухал үзэл санааны нэг гэж хэлж болох хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах хамгаалах асуудлаар сүүлийн өдрүүдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Хууль зүйн сайд Алтангэрэлээс тодорхой мэдээллшшд авлаа.

Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан, хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудал дээр Ардчилсан намын бүлгийн гишүүдийн байр суурь хөдөлбөртгүй байх ёстой.

Хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсээр ирсэн байр сууриа илэрхийлэх нь чухал юм гэж үзлээ гэв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

"ХЭВЛЭЛИЙН АМЫГ БООХЫН ТУЛД ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ӨГЧ БАЙГАА МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛБАР ӨДӨР БОЛГОН ӨӨРЧЛӨГДДӨГ"

-Цагдаагийн байгууллагаас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой асуудлаар шалгаж байна гэж мэдээлэл хийгээд байхад хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоод байгаа нь ямар учиртай вэ. Энэ асуудал дээр УИХ, Засгийн газры сайд нар дуугараад байх нь хэр зохимжтой вэ. Цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд оролцох нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Нөхцөл байдлыг дүгнэхэд, дээр үед авлигын асуудлаар баахан хүнийг хэвлэл мэдээллээр дүүжилж байснаа өмдний тэлээгээр хэрэгт хийдэг шиг л хэвлэл мэдээллийн амыг хаах бодлого явж байна.

Хэвлэлийн амыг боохын тулд хуулийн байгууллагын өгч байгаа мэдээлэл, тайлбар өдөр болгон өөрчлөгддөг. Ямар нэгэн хамаатай хамаагүй хэргээр хэрэгт холбохыг хүсээд байгаа арга барил харагдаж байна.

"НООРОГ"-ИЙН ЗАЛУУС СОНГУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТАТ КИНО ХИЙЖ БАЙГАА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ГАРЧИХСАН...

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:

-Хэрэг явдал гуравдугаар сарын 18-нд болсны дараа Хууль зүй дотоод хэргийн сайд хоёр удаа, цагдаагийн байгууллага хэд хэдэн удаа мэдээлэл хийсэн. Олон улсын жишгээр хөдөлшгүй нотлох баримт гэсэн ойлголт байдаг.

Цагдаагийн байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явууллаа гэхэд хэн нэгэн хүнийг буруутгаж байгаа бол тодорхой хуулийн зүйл заалтыг ишлэж буруутгах ч юм уу ярина уу гэхээс биш олон аргумент дэвшүүлэх ёсгүй.

Цаг хугацааны хувьд юу болсон гэхээр тухайн үйл явдал болохоос 5-6 хоногийн өмнө “Ноорог”-ийн залуус сонгуультай холбоотой баримтат кино хийж байгаа гэсэн мэдээлэл гарчихсан, хүлээлт үүсгэчихсэн байтал энэ үйл явдал болсон. Иргэдийн хардах эрх байна.

Энэ хэрэг дээр 6-7 янзын аргументыг субьектууд дэвшүүлсэн. Нэг болохоор үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, нэг болохооор цахим мөрийтэй тоглом, нэг болохоор хувь хүний нууцыг задруулсан, нэг болохоор бусдыг амь насаа хорлоход нөлөөлсөн гэдэг юм уу маш олон зүйл заалтууд явсан нь иргэдэд яллах сэтгэл зүйтэй асуудалд хандаад байгаа юм биш үү.

Энэний цаад зорилго нь хэвлэн нийтлэх эрхтэй холбоотой юм биш үү гэдэг хардлага иргэдийн дунд явсан. Өмнө нь болсон үйл явдлууд дээр ч гэсэн ийм төрлийн зүйл явсан.

Энийг шууд улс төрийн байршилд ашиглах, гуйвуулах зорилгоор компанит ажил явсан. Сошиал дээр, хэвлэл мэдээллээр ижил төрлийн мэдээллийг өөр гарчгаар гаргах ч гэдэг юм уу, хувь хүмүүсийн асуудал биш юм байна, хуулийн асуудал биш юм байна, цаанаа уул уурхай болон компаниудын асуудал юм байна гэдэг гэдэг ойлголтыг нийгэмд төрүүлэх гэж байна гэж явсан. Энэ асуудлаар бид Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр Хууль зүйн сайдаас тодруулга авах гэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулинд аливаа хүнийг шүүхээр эцэслэгдэн гэм буруутай нь тогтоогдоогүй байхад түүнийг яллаж болохгүй гэдэг нийтлэг зарчим үйлчилж байх ёстой. Тэгэхгүй дуулиан шуугиантай юм болгоны өмнө асуудал тодорхой болоогүй байхад цагдаа, хэвлэл мэдээлэл, хувь хүн нь янз бүрийн байр суурь илэрхийлээд шүүхээс өмнө нийгмээрээ яллах хандлага газар авсан.

Энэ нь шүүхийн бие даасан хараат бус шийдвэр гаргалтад хүртэл нөлөөлөх ийм хортой зүй тогтолтой байгаа. Монгол Улсын эрх чөлөөний индексийг ухраах хүчин зүйл болж байгаа учраас талуудын байр суурийг авч, нухацтай хандах ёстой гэж үзэж байгаа.

Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал байгаа. Нөгөө талдаа хүний гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр зарлаж, процессыг улс төрийн маягаар тайлбарлаж, нөхцөл бадал гаргаж байгаа нь эрсдэлтэй учраас сэтгэл хөдлөлөөр бус, эрүүл саруул ухаанаар хандах ёстой.

Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [202.9.46.28] 2025-03-25 10:19:24

төрииг хууль бусаар мөнгөөр авсан нь үнэн ш дээ

Зочин [188.162.254.118] 2025-03-24 23:21:54

сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад зохицуулчихна !!!!!

Зочин [103.57.92.80] 2025-03-24 21:33:44

Загас толгойноосоо өтдөг

Irgen [202.9.41.59] 2025-03-24 20:52:30

Uls orniig ediin zasagch.sanhuuchid.statistik.medeelel.tenologiin medleg.bolobsroltoi injner.tooni uhaani humuus avch yvdag uomsan.Odoo turd dan mungeer garzan kampaniniii ezed.NAM huusen nuhduud l bn.zaluu medlegtei humuusiig ogt tabihgui bn shde

Отгонбаяр [122.201.31.85] 2025-03-24 18:55:44

Хүсэн хүлээсэн 2025 он болсон.Одоо монгрл оронд сэргэн мандалт ирсэн.Одоо төрийн эргэлтээ хийцгээх цаг нь болсон эх орныхоо эсрэг хүмүүсийг бүгдийг хорьж үр удмаар нь цагдан сэргийлэх хэрэгтэй.!!!!!!


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.