Их Британийн хаан Чарльз Италид хийх төрийн айлчлал дөрвөн өдөр үргэлжилнэ

Их Британийн хаан III Чарльз, түүний гэргий хатан Камилла нар Италид хүрэлцэн иржээ. Хаан дөрвөн өдөр үргэлжлэх төрийн айлчлалын үеэр Италийн парламентад үг хэлнэ. Энэ нь Чарльзын Италид хийж буй 17 дахь албан ёсны айлчлал бөгөөд хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй түүний хувьд энэ онд хийж буй анхны гадаад айлчлал болж байна.
Энэхүү айлчлал нь 2005 оны дөрөвдүгээр сарын 9-нд гэрлэсэн Чарльз, Камилла нарын хуримын 20 жилийн ойтой давхцаж байгаа юм. Тэдний хурим Пап лам II Иоанн Павелыг оршуулах ёслолын маргааш болсон бөгөөд Чарльз тухайн үед хаан ширээг залгамжлагчийн хувиар уг ёслолд оролцож байлаа.
Чарльз, Камилла нар хуримын ойгоо тохиолдуулан шинэ гэрэл зургуудаа нийтэлсэн бөгөөд тэд Британийн Элчин сайдын амьдардаг Вилла Волконскийн цэцэрлэгт хүрээлэнд инээмсэглэн зургаа авахуулжээ.
Их Британийн хаан бөгөөд Английн сүмийн дээд захирагч Чарльз энэ долоо хоногт Пап лам Францистай уулзах байсан боловч хамба ламын эрүүл мэндийн байдалтай холбоотой шалтгаанаар уг уулзалтыг хойшлуулах шийдвэрийггуравдугаар сарын эцсээр гаргасан байна. Хоёр уушгиндаа хатгаа туссаны улмаас таван долоо хоногийн турш эмнэлэгт хэвтсэн Пап Францис одоо Ватиканд эргэн ирээд байгаа юм.
Чарльз өмнө нь 2017, 2019 онд Италид айлчлах үеэрээ Ромын Католик сүмийн тэргүүн Францистай уулзаж байсан бол өмнө нь II Иоанн Павел, XVI Бенедикт нартай уулзаж байв. Түүний ээж, хатан хаан Элизабет мөн 2000 онд Католик шашны ойн баяраар Гэгээн ширээт улсад айлчилж байсан юм.
Чарльз, Камилла нар мягмар гарагт Италийн Ерөнхийлөгч Сержо Маттареллатай уулзаж, Колизейд зочлохоор төлөвлөж байна. Лхагва гарагт хаан, хатан хоёр Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонитой уулзах бөгөөд Чарльз парламентад үг хэлснээр Италийн парламентын нэгдсэн хуралдаанд үг хэлсэн Британийн анхны хаан болно. Пүрэв гарагт хос хоёр Италийн зүүн хойд нутгийн Эмилиа-Романья мужийн Равенна хотод Дэлхийн II дайнд холбоотны цэргүүд тус хотыг нацистын эзлэн түрэмгийллээс чөлөөлсний 80 жилийн ойд зориулсан ёслолд оролцох ажээ.
Сэтгэгдэл
Зочин [103.57.93.244] 2025-04-09 16:37:12
Хаант засгийг татан буулгах хэрэгтэй. Энэ сурвалжит гэсэн хүмүүс жирийн иргэд шиг гэмт хэрэг үйлдэж, хүнд өвчин тусч, салж сарниж, хүүхэдтэй хүнтэй гэрлэж, танхайрч, хар тамхи хэрэглэдэг болсон.
үГЛЭЭ.өвгөн [66.181.177.225] 2025-04-09 09:38:04
сайхан байна.Ёс.уламжлалаа залгамжилдаг!? Орос.МОНГОЛ хоёр хэлмэгдүүлсэн.