Дэлхийн цомын эрх олгох бүсийн тэмцээнд долоон орны шатарчид оролцож, оюун ухаанаа сорьж байна

Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол улсад зургаан жилийн дараа хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Энэ удаагийн тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонез гэсэн Ази тивийн шилдэг долоон орны шатарчид оролцож буй ажээ.
Энэхүү тэмцээн нь хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн бүсийн тэмцээний нээлттэй ангилалд эхний хоёр байрт, эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчид 2025 оны ФИДЕ Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах нэр хүндтэй тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Монгол Улсаас нээлттэй ангилалд 42, эмэгтэй ангилалд 48 шатарчин оролцож байгаа бол гаднын орны 21 шатарчин оролцон, оюун ухаанаа сорьж буй юм байна.
Азийн бүсийн тэмцээн Монголын шатрын спортын түүхэнд үе үеийн шатарчдыг холбосон баялаг түүхтэй тэмцээн юм. Одоогоос 65 жилийн өмнө буюу 1960 онд Бүгд Найрамдах Энэтхэг улсад зохион байгуулагдсан бүс хоорондын тэмцээнд Монгол Улсын аварга шатарчин, МУГБ, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор Сүрэнгийн Мөөмөө анхлан оролцож 3-р байр эзэлж байжээ.
1966 онд Монгол Улсаас анх удаагаа МУГТ, ОУМ Лхамсүрэнгийн Мягмарсүрэн оролцож, тэргүүн байр эзэлсэн бөгөөд 1969 онд тус амжилтыг үргэлжлүүлэн Монгол Улсын анхны ОУМ, нэрт шатарчин Түдэвийн Үйтүмэн мөн аварга болсон байна.
Орчин цагийн шатар хөгжингүй болсон энэ цаг үетэй зэрэгцэн 2019 онд Азийн 3.3 бүсийн тэмцээнд ОУМ С.Ган-Эрдэнэ 16 насандаа дэд аварга болж, Дэлхийн цомын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрх авч байжээ.
2023 онд Азийн 3.3 бүсийн тэмцээнд Монгол Улсын аварга шатарчин, Их мастер Сумъяагийн Билгүүн тэргүүлснээр Монгол Улсад 54 жилийн дараа Бүсийн аварга цолыг түүчээлэн түүхэн амжилт үзүүлсэн байна. Мөн тус тэмцээнд МУГТ, Их мастер Ц.Батчулуун оролцож, хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүлж байжээ.
1972 онд зохиогдсон Азийн бүсийн аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээнд МУГБ, ОУМ Сандагдоржийн Хандсүрэн Монголын эмэгтэй шатарчдаас анх удаагаа түрүүлэхийн зэрэгцээ анхны эмэгтэй Олон улсын мастер цолтон болсон сайхан түүхтэй.
Монголын залуу шатарчид ахмад шатарчдын гаргасан түүхэн амжилтуудыг нэр төртэй үргэлжлүүлэн яваа нь Монголын мэргэжлийн шатрын хөгжлийг олон улсын тавцанд таниулж буй илэрхийлэл билээ.
Тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд 2009 оноос хойш Индонез улсын Парламентын гишүүнээр ажиллаж буй Азийн шатрын холбооны УЗ-ийн гишүүн, Азийн 3.3 бүсийн ерөнхийлөгч, олон улсын шатрын супер Их мастер Адианто Утут Монголын шатрын холбооны хүндэт зочноор оролцов.
Тэмцээний ерөнхий шүүгчээр Хонконгийн Олон улсын шүүгч КК Чан, оноолт хариуцсан шүүгчээр Филиппин улсын Олон улсын шүүгч Майкл Жосеф Пагаран, тоглолтын шүүгчээр Малайз улсын шүүгч Генкисваран Муниан нарын туршлагатай шүүгч нар урилгаар ажиллаж байгаа аж.
Монгол Улсаас 2 Олон улсын шүүгч, 4 Фиде шүүгч, 2 улсын шүүгч гээд нийт 10 шүүгч, холбооны удирдлага, арын алба, сайн дурынхан болон нэмэлт туслах шүүгч нар ажиллаж буй юм байна.
Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харах боломжтой юм.
Нээлттэй ангилал --> https://chess-results.com/tnr1146238.aspx?lan=1&art=0...
Эмэгтэй ангилал --> https://chess-results.com/tnr1146239.aspx?lan=1&art=0...
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл