С.Бямбасүрэн: Зарим инфлюсер, ютүбрүүд хүүхдүүдийг юу ч мэдэхгүйгээр нь далимдуулж тархи угаахаа зогсоо

Сүүлийн үед ютүб хуудсандаа 1.43 сая дагагчтай Гремикс, 778 мянган дагагчтай Чами нар сахарлаг бүтээгдэхүүн сурталчлах нь хэрээс хэтэрлээ. Үүнээс үүдэн бага насны хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байна гэж эцэг эхчүүд шүүмжлэх болсон. Энэ талаар иргэн С.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Таны хүүхэд дээрх хоёр ютүбэрийг үздэг үү?
-Тогтмол үздэг. Миний хувьд таваас долоон насны хоёр хүүхэдтэй. Үзүүлэхгүй гэхээр уурладаг. Яг л өглөө босоод нүүрээ угаах ёстой гэдэг шиг л энэ хоёрыг үзэх нь зуршил болсон. Үүнээс үүдэн юугаа ч мэдэхгүй жаахан хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирохын дээдээр хохирч байна. Яагаад гэвэл энэ хоёр ялангуяа Чамигын сурталчилдаг бүтээгдэхүүн ерөөсөө л сахар байдаг. Шинэ жилийн амттан, Дэлхийн хамгийн исгэлэн амттан гээд янз бүрийн өнгийн чихэр идэж байгаа бичлэгийг нь хүүхдүүд давтаад л үзнэ. Үзсэнийхээ дараа адилхан чихрийг хайдаг. Олдохгүй бол уйлна, уурлана. Янз бүрийн авир гаргадаг. Бичлэгүүдийнх нь үзүүлэлт бол дандаа хоёр саяас дээшээ байгаа. Одоо манай хүүхдүүд гэртээ ч зүгээр хоолоо идэхээ байсан. Хоолондоо 10-аас тэдэн оноо өглөө гээд иймэрхүү юм ярина. Дэлгүүр ороод ногоон, цэнхэр өнгийн чихэр харагдвал Чамигын иддэг чихэр байна. Энийг л авна гээд уйлдаг.
Эцэг эхчүүдийн хувьд үргэлж амттан авч өгнө гэдэг санхүүгийн хувьд дарамт болдог. Нөгөө талд уйлсных нь зоргоор чихэр авч өгөхөөр эрүүл мэндийн асуудал үүснэ. Хэн энэ бүхний дараа нь миний хүүхдийн эрүүл мэндийн асуудалд хариуцлага хүлээх үү. Ёстой өөрсдөө идсэнээрээ хохь нь гэж л хэлнэ.
-Хүүхдүүд Чамигын дэлгүүрт очих дуртай гэсэн. Та очиж үзсэн үү?
-Анх хүүхдийн баяраар хүүхдүүдээ дагуулаад орсон. Амьхандаа шинэ содон юм үзэж харах нь гэж бодоод очсон чинь аль ч дэлгүүрт байдаг л нэг чихэр, жимсийг өөрийн нэртэй туузаар л боогоод хэд дахин өндөр үнэ тавьсан байсан. Яг үнэндээ хүүхдүүдийн дарсан лайкаар амьдарч байж, яаж ингэж баярынх нь өдрөөр хүртэл шулж чаддаг байна аа гэж бодоод өнгөрсөн.
-Хэдэн насны хүүхдүүд үзэж байна вэ?
Одоо ялангуяа гурваас 10 хүртэлх насны хүүхдүүд хамгийн их үздэг юм билээ. Ихэвчлэн аливаа зүйлийн учир мэдэхгүй, төлөвшөөгүй бага насны хүүхдүүд хамгийн их автсан. Мэдээж хүн ардчилсан нийгэмд юу ч хийсэн болно. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд хүн бүрт хүлээсэн үүрэг гэж бий. Энэ бол “Чи юу ч хийж болно. Гэхдээ хэн нэгнийг хохироож болохгүй ээ” гэсэн үг. Эрүүл мэнд гэж юу болох талаар юу ч мэдэхгүй хүүхдүүдийн тархийг угаахаа зогсоомоор байна. Ютүбэр, инфлюсер гээд байгаа хүмүүс жаахан судалгаатай болох хэрэгтэй. Намайг хэдээс хэдэн насны хүүхэд үзэж байна. Миний сурталчилж байгаа энэ чихэр, жимс эрүүл бүтээгдэхүүн мөн үү. Гэхдээ хүүхэд хэт их сахарлаг бүтээгдэхүүн хэрэглэвэл эрүүл мэндээрээ хэрхэн хохирохыг мэдэж байгаа. Зарим инфлюсер, ютүбэрүүд жаахан хүүхдүүдийг юу ч мэдэхгүйгээр нь далимдуулж тархи угаахаа зогсоо. Үүрэг, хариуцлагаа ухамсарласан хүн бол тухайн үйлчлүүлэгчийнхээ нас сэтгэхүйд тохирсон зүйлийг хийдэг биз дээ. Хамгийн гол нь энэ асуудалд эцэг эхчүүд хүүхдээ хянаж чадсангүй гээд биднийг буруутгадаг. Яаж ч хааж, боогоод болохгүй байна шүү дээ. Бид нар гэр дотроо бөөн хэрүүл, маргаан, зодоон болно. Ямар ч нэмэр алга.
Эрх зүйч Д.Гандулам: Инфлюсер, ютүбэрүүд хүүхдийг хохироохуйц төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нийгэмд сурталчилж болохгүй
Эрх зүйч Д.Гандуламтай ярилцлаа.
-Эцэг эхчүүд олон дагагчтай зарим ютүбэрүүдийн сахарлаг бүтээгдэхүүний сурталчилгаа хэрээс хэтэрлээ гэж шүүмжилж байна. эрх зүйч, залуу хөгжиж, дэвшиж яваа, хууль судалж яваа хүний байр сууринаас та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Ажиглаад байхад нийгэм массаараа шүүмжилж байна. Нийгэмд ийм асуудал
газар авахад нөлөөлсөн нэг хүчин зүйл бол манайд “Инфлюсер, маркетингийн тухай хууль” байхгүй юм. Та бүхэн ч гэсэн Хуулийн албан ёсны портал сайт дээр хайлт хийгээд үзэж болно. Тиймээс л иймэрхүү зах замбараагүй, дураараа нөхцөл байдал үүссэн байх гэж харж байгаа. Мөн манай улсад насанд хүрээгүй хүүхэд сахарлаг, чихэрлэг, хүнсний бүтээгдхүүн сурталчлах хориотой байдаг. “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн 16.1.Зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээхэд дараахь зүйлийг хориглоно. 16.1.8. чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулах гэж заасан, хориглосон байдаг.
Яг үнэндээ одоогийн зарим ютүбэрүүд насанд хүрээгүй байхаасаа амттан, чихэр сурталчилсаар өдийг хүртэл явсан байх жишээтэй. Тиймээс бид инфлюсерийн марктенгийн тухай ойлголт, хэм хэмжээг нийгэмд ойлгомжтой болгох хэрэгтэй. Мэдээж хуулиараа хэн ч, юу ч хийж болно. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээ гэж бий. Жишээ нь хэн нэгэн инфлюсер, ютүбэр иргэнийг болон хүүхдийг эргээд хохироох зар сурталчилгаа нийгэмд хийж болохгүй. Сар сурталчилгааны тухай хуульд нийцсэн шалгуурт нийцсэн, Зар сурталчилгааны тухай хуульд зааснаар 6.5.1.зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах; 21.2.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны хувьд зар сурталчилгаа захиалагч нь өөрийгөө, эсхүл бүтээгдэхүүнээ сурталчлуулахдаа зөвшөөрлийн гэрчилгээ буюу түүний зохих ёсоор баталгаажсан хуулбарыг үзүүлэх үүрэгтэй, 22.1.Зар сурталчилгаа бүтээгч нь зар сурталчилгаа захиалагчаас өгсөн захиалга, даалгавар нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчиж байгааг түүнд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. 22.2.Энэ хуулийн 22.1-д заасны дагуу урьдчилан мэдээлсэн боловч зар сурталчилгаа захиалагч өөрийн захиалга, даалгаврыг өөрчлөөгүй тохиолдолд зар сурталчилгаа бүтээгч зар сурталчилгаа бэлтгэхээс татгалзах үүрэгтэйг тус тус хуульчилсан байдаг.
Өдрийн сонин А.Даваадулам
Сэтгэгдэл
Зочин [66.181.190.193] 2025-07-08 13:26:38
Чамигийн иддэг чихэр гээд өгөхөөр нь идсэн чинь чихэр биш химийн бодис шиг амттай шууд хаясан. Залгиж ч чадахгүй автоматаар огисон шд.
Зочин [202.126.89.18] 2025-07-08 12:55:39
Хөдөлмөрлө гэж заахын оронд 2 новш хөгийн юм хийдэг. Энэ муу 2 бүтэхгүй новшнууд
Зочин [202.9.40.212] 2025-07-08 12:11:17
Хүүхдүүдээ өөрсдөө хүмүүжүүлж чадаагүй байж энэ хоёрт буруу өгөх хэрэг байна уу, өдөр бүр youtube үздэг үзүүлэхгүй гэвэл уурладаг гэнэ?, наадах чинь нэг төрлийн донтолт болсон байна. Хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх нь та нарын үүрэг, youtube дээр нь тохиргоо хийгээд насанд нь таарсан юс үзүүлж болно. Ер нь Cami, Gremix шиг тоглоом тоглож, чихэр ипэж байгаагаа бичдэг 1000,1000 хүмүүс байгаа тэд нарыг бас хорих уу? Ер нь та нар хүүхдээ эрхлүүлж хүссэн юмыг нь үзүүлж, хүссэн чихэр, амттанг нь авч өгч байж энэ хоёроос боллоо гэх юм, хүүхэд өсгөх чинь та нарын хариуцлага болохоос энэ хоёрынх биш. Зүгээр солиод өөр юм үзүүлж болох байхад заавал үз, заавал ид гэж байгаа юс шиг аашилахюм. Чихэр жимс ч яахав наад хүүхдүүдийнхээ хэлж буй хараалын үгстээ л анхаар 3-10 насныхан хараалын үгийг маш их хэрэглэж, гудамжинд шүлсээ хаяж, дэлгүүрээс хулгай хийж, дэлгүүрт орилж уйлдаг. Raise your kids properly.
Зочин [66.181.182.113] 2025-07-08 11:53:53
2 балай юм
Зочин [202.126.89.181] 2025-07-08 11:43:59
Би мөнгө олж байвал хүүхдүүд яах нь хамаагүй гэдэг моральгүй хүмүүс