Төр нь тоохгүй ч монгол бодичид эх орныхоо тугийг нөмөрч, өөрийн зардлаар улсынхаа нэр, далбааг мандуулсаар байна

Бодибилдинг бол Дэлхийн спорт! Монголчууд бие, сэтгэлзүйгээрээ хөгжиж дээшилснийг гадныханд нотлох дэвшилтэт Нэрийн хуудас!
Нэгэн иргэн бодибилдингийн спортод тохиолдсон үйл явдлыг хараад бодож явдаг зүйлээ илэн далангүй илэрхийлэв. Тэрбээр "Монголчууд бид гадны улс орнуудад үндэсний спортын тэмцээнээ зохион байгуулаад гадныхныг өргөнөөр оролцуулахад бэрх. Энэ утгаараа үндэсний бахархал болсон спортын төрлүүд маань зөвхөн монголчууд бидэнд л үнэ цэнтэй.
Үндэстний эв нэгдлийг батжуулж, даяаршлын эсрэг хүчтэй дархлаа болдог ч эх орноо олон улсад сурталчлан таниулахад хамрах цар хүрээ болон хүртээмж төдийлөн өргөн бус. Монголд аялж яваа хүмүүс бүрэн ойлгохгүй ч ирснийх сонирхож хараад л өнгөрнө.
Харин дэлхийн өнцөг булан бүрт Бодибилдингийн тэмцээн зохион байгуулагдах нь улам олширч, чанар стандартаа өндөр тавьж… Төр нь тоохгүй ч Монгол Бодичид хөөрхийс эх орныхоо тугийг нөмөрсөөр өөрийн зардлаар Улсынхаа нэр, далбааг мандуулж, Монгол хүн дэлхийн хэмжээний тэмцээнүүдийг зориод очиж чаддагийг харуулсаар.
Манай улс спорт-урлаг соёлын салбараа зөвхөн үндэсний бахархал, эв нэгдлийн хэрэглүүр болгож харахаас хэтрэхгүй байхад артистууд нь, тамирчид нь Монголоор хязгаарлагдахгүй олон улсын том2 тайз руу гарсаар байна. Бодлого, дэмжлэг бол харин одоо ч Зөвхөн Монголдоо! Монгол бөхчүүд рүүгээ байр машин, хадаг сүү барин хөөж элдсээр. Монгол бөх гадаадад очоод Дэлхийн тайзан дээр тугаа мандуулсныг хараагүй - Жудо, Жюүжицү, бокс г.м төрлөөр ана мана өрсөлдөөд ялаад ялагдаад явдгийг бол мэднэ. (Бөхөд дургүйдээ биш, яалт ч үгүй үндэсний бахархалт спорт. Төрөөс хэрэгжүүлж буй бодлого талаас нь шүүмжтэй хандаж бгааг ойлгоорой.)
Сүүлийн үед Дэлхийн хэмжээний супер старуудыг урин авчирч, Улсаа сурталчлуулах болсон нь бодитой ахиц. Гэвч тэднийг бид урьж залж авчрахаас ч өмнө өнөөх хэдэн тамирчид, соёлынхон гадагшаа хувийн зардлаараа нисэж очин Улс орныхоо нэрийг гаргасаар л байсныг, одоо ч хэвээр байгааг энүүхэн дотооддоо найрлан суугаад огт тоохгүй өнгөрөөх нь бүдүүлэг хэрэг.
Төрөөс Улс орныхоо ирээдүй, олон улс дахь нэр хүнд зэрэг том зургаар нь биш зөвхөн өөрсдийн өнөө маргаашийн ашиг сонирхолд тулгуурласан бодлого, дэмжлэгийг хэрэгжүүлдэг. Ердөө л ард иргэдээс эерэг дэмжлэг авахын тулд үндэсний омогшлоор нь далимдуулан хавтгайртал найрлуулан цэнгүүлж аваад хариуд нь сонгуулийн үеэр ахиухан санал авахад л чиглэж байна.
Эх орноо гадаадад сурталчлах, гаднаас хөрөнгө оруулалт татахад анхаарч байна гэдэг…Хөгжил - Уламжлал хоёрын алинд хөрөнгөө өгөх бол гээд судлах хэрэгтэй. Бид хөгжингүй Улс гэдгээ бүх боломжоороо илэрхийлж явахыг эрхэмлэх ёстой. Тэдний байгаа газарт нь очоод киноноос л хардаг баки баки нөхдүүдтэй Монгол Улсаас адилхан баки бол баки, арзайсан булчинтай нөхөр очоод ана мана өрсөлдөнө гэдэг бол үнэхээр эх оронч, Улсынхаа нүүр царайг өндөрт өргөн дэвшүүлж буй үйлдэл.
Монголчуудыг зөвхөн морь унаад, мах идээд, хээр талд эсгий гэрт амьдардаг гэж бодоогүй биз дээ? гэдэг асуултыг хариулттай нь хамт өгөөд ирдэг орчин үеийн, хурдацтай хөгжиж яваа спортын төрлүүдээ Төрөөс тодорхой хэмжээнд бодлогоор дэмжих хэрэгтэй дээ. Мөнгөөр биш ч Бодлогоор!
Тухайлбал, бүтэн салбараар нь байг гэхэд энэ спортыг “СПОРТ” болгодог, гол амь нь болж яваа мэргэжлийн түвшний цөөн тамирчдаа олон улсын шилдгүүдтэй эн зэрэгцэн зогсож, Монгол хүний үнэлэмжийг дараагийн түвшинд гаргасных нь төлөө гадагш тэмцээнд зориход нь виз олголтын дэмжлэг болон тэр хэрэггүйгээрээ дуудагдаж адлагддаг төмөрнүүдээ ч болов энгэрт нь харамгүй зүүгээд өгдөг байгаасай, ядаж л урам юм даа.
Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чинбатын Ундрам" гэв.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [103.229.120.153] 2025-07-20 23:35:29
Албатай биш дээ